Шударга мэдээ
Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай захирамж бий. Уг захирамжинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажил хариуцсан хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэгжүүлсэн.
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд бүтээн байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгах ажлыг тогтмол хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.
Энэ удаа дүүргийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтын явцад эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тоглоомын талбай, тохижилтын ажлуудыг бүртгэж, хариуцсан СӨХ, аж ахуйн нэгжүүдэд яаралтай засварлаж, аюулгүй болгох талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.Шударга мэдээ
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.

Уулзалтаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын хуульд захирагдана. Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй. Байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч үйл ажиллагааг төр хатуу зогсооно.
Төр хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид төслийг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлнэ. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулна.
Хяналт шалгалтыг сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийж ажиллахыг анхаарууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийллээ.
Шударга мэдээ
2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологджээ
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологдож, 2024 оноос 454.6 мянган толгой буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Малын төрлөөр авч үзвэл адуу 5.4 сая, үхэр 5.1 сая, хонь 23.2 сая, ямаа 23.9 сая, тэмээ 0.5 сая толгойд хүрсэн байна. Үүнээс адуу, үхэр, ямаа, тэмээний тоо өссөн бол хонины тоо 628.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.
Нийт мал сүргийн бүтцэд хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус тус эзэлж байна. 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.8 нэгжээр өсөж, хонины эзлэх хувь 15.1 нэгжээр буурсан нь сүргийн бүтцэд өөрчлөлт гарч байгааг илтгэж байна.
Аймаг, нийслэлээр авч үзвэл Хөвсгөл аймаг 5.3 сая толгой малаар тэргүүлж, Өвөрхангай (5.1 сая), Архангай (4.4 сая), Баянхонгор (4.2 сая), Төв (4.1 сая) аймгууд удаалж байна.

Малын төрлөөр аймгуудад авч үзвэл:
-Адууны тоогоор Архангай (492.6 мянга), Төв (490.4 мянга), Дорнод (462.8 мянга) аймгууд тэргүүлж байна.
-Үхрийн тоогоор Архангай (745.1 мянга), Хөвсгөл (670.2 мянга), Өвөрхангай (412.2 мянга) аймгууд тэргүүлж байна.
- Тэмээний тоогоор Өмнөговь аймаг (155.9 мянга) тэргүүлж байна.
- Хонины тоогоор Өвөрхангай (2360.4 мянга), Хөвсгөл (2258.3 мянга) аймгууд өндөр үзүүлэлттэй байна.
- Ямааны тоогоор Баянхонгор (2493.9 мянга), Хөвсгөл (1980.2 мянга), Говь-Алтай (1863.0 мянга) аймгууд тэргүүлж байна.
Сумын түвшинд авч үзвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум (532.1 мянга), Дундговь аймгийн Эрдэнэдалай сум (492.9 мянга), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум (410.7 мянга), Хэнтий аймгийн Хэрлэн сум (391.9 мянга), Баянхонгор аймгийн Баянцагаан сум (391.7 мянга) малын тоогоороо тэргүүлж байна.
Мал төллөлтийн хувьд 2025 онд оны эхний хээлтэгч 26.7 сая толгой малаас 22.4 сая нь төллөж, төллөлтийн хувь 84.0 хувьтай гарсан нь өмнөх оноос 20.4 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Төрлөөр нь авч үзвэл гүүний төллөлт 78.5 хувь, үнээ 81.0 хувь, ингэ 53.1 хувь, эм хонь 86.3 хувь, эм ямаа 83.5 хувь байна.
Төллөлтийн хувь өмнөх оноос гүүнийх 17.2 нэгж, үнээнийх 12.6 нэгж, ингэнийх 10.4 нэгж, эм хониных 20.6 нэгж, эм ямааных 22.8 нэгжээр тус тус өссөн байна.

Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2022/09/02
Тайландын Шадар сайд Журин Лаксанависит Монгол Улсад айлчилна
-
Цаг үе2020/01/13
Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов
-
Үзэл бодол2020/09/28
С.Мөнхбаяр: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна
-
Цаг үе2023/11/21
Төв аймгийн Эрдэнэсантад 28 см цасан бүрхүүл тогтжээ
