Шударга мэдээ
Гацаанд ороод байсан “Замын-Үүд” чөлөөт бүс сэргэж эхлэх нь...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан юм.
Уг цогц төлөвлөгөөнд Стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхээр нэрлэсний дотор Замын-Үүдийн боомтын шинэчлэл, “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх чиглэл багтсан байна.
Монгол Улсын засгийн газар томоохон зургаан салбаруудад 100 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч холбогдох саналаа хувийн хэвшлийнхэн болон бизнес эрхлэгчдэд санал болгон ажиллана гэсэн чиглэлтэй байгаа юм. Тэгвэл царцсан эдийн засагтаа дэм үзүүлж, шууд үр өгөөжээ өгөх томоохон төслүүдийн нэг бол “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл” юм. Уг төсөл хэрэгжиж “Замын-Үүд” чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсноор аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалт эрчимжин, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэн бүс нутаг төдийгүй улс орны эдийн засгийн эргэлтийг сайржуулах онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны баримт бичиг болох Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Чөлөөт бүсийг хөгжүүлж хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулах, Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна” гэсэн заалтууд тусгагдсан байдаг. Энэ ч утгаараа олон жил яригдсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа одоо л нэг жигдэрч, гацаанаасаа гарах боломж бүрэн бүрдэж байгаа юм.

Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
-
Улстөр нийгэм2023/11/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай х...
-
Цаг үе2025/04/14
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2024/10/24
11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй ...
-
Урлаг спорт2019/10/18
“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд т...
