Шударга мэдээ
БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо
Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо. Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах бөгөөд ингэснээр хоёрдугаар сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм.
2021 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн:
- 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
- 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
- 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
- 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- үлдсэн 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Шударга мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
“Эх түүх-Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртай” хэмээн онцоллоо.
Энэхүү санаачилгыг дэмжиж Монгол Улсын бүх шатны түүхийн багш нарт Чингис хаан Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Түүхийн багш нарыг харьяалагдах дүүрэг, аймаг, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан баталгаажуулж үнэмлэх олгох юм.
Улсын анхдугаар зөвлөгөөний үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр хэлэлцүүлж, нэгдсэн хуралдааныг удирдан явууллаа. Тэрбээр илтгэлдээ Монголын түүхийн судалгаа нь сүүлийн хоёр зуун гаруй жил дэлхийн олон улс оронд хөгжиж ирсэн монгол судлалын уламжлалтай нягт уялддаг бөгөөд монголчуудын түүх, соёлын өв дэлхийн олон оронд хадгалагдан тухайн улсынхаа чухал өвд тооцогдож байгааг онцлов.
Зөвлөгөөнд оролцож буй ерөнхий боловсролын сургуулийн 630 түүхийн багш Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлж байна.
Шударга мэдээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байна. Мөн зорчих хугацааг хэмнэснээр жилд 49.6 сая ам.доллар, шатахууны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарсан аж.
Түүнчлэн төслийн талаарх олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус хэлэлцүүлэг, судалгаанд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хороодын иргэн оролцсон. Иргэдийн зүгээс төслийн хүрээнд ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, иргэдэд замын хөдөлгөөний дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах санал дэвшүүлжээ.
