Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

УИХ-ын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргажээ. Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хороо дэмжжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан "Шүүгчид нэмэгдзл олгох журам батлах тухай", "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулсныг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, Ж.Ганбаатар, П.Анужин, Ж.Ганбат, С.Амарсайхан, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, мэдээлэл авсан юм. Асуулт асууж тодруулсан гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх, гишүүдийн санал бодлыг авч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Байнгын хороо, ажлын хэсэг сайн ажилласныг дурдаж байв.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж боловсруулсныг хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ярилцаж улам чамбайруулсан. Хуульд маш том өөрчлөлт орж байгаа. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт өгөв.

Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл, мөн онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан. Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг дурдав. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт нар гишүүдийн зарим асуултад нэмэлт хариулт, тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.” гэсэн агуулгатай 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн  төслийн 24 дүгээр зүйлд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.” гэсэн агуулгатай 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд “улс төрийн намын бүртгэл хөтлөх;” гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ” гэснийг “саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр тогтов. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр  дэвшигчтэй Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана”, “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулж, 36.2, 36.3 дахь хэсэг болгохыг дэмжив.

Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” хэмээн өөрчлөн найруулж, 46.7 дахь хэсгийн “журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг” гэж өөрчлөх, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтын “өв залгамжлагчид” гэснийг “гэр бүлд” гэж өөрчилж, мөн зүйлд “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн агуулгатай 48.9 дэх хэсэг нэмэх, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.

Төслийн 100 дугаар зүйлийн гарчгийн “гишүүнийг” гэсний дараа “чөлөөлөх,” гэж, мөн зүйлд Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн агуулгатай 100.1 дэх хэсгийг нэмэхээр тогтов.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв. Үүгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжив. Иймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Огноо:

,

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав.  

2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Хэмнэлтээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн.  Мөн ажлаа аваад шийдсэн анхны чухал ажил бол 2019 оноос хөндсөн тэтгэврийн шинэчлэл байсан. Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, эхний  100 хоногтоо батлуулсан. Монгол Улсад анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бүрдсэн.  Энэ сарын 1-нээс 413 мянган ахмад настан суурь тэтгэвэр авч эхэлсэн. Стратегийн хүнсний нөөцөө бүрдүүлж, үнэ тогтворжуулна. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр мөн энэ сарын 1-нээс 26 хувиар нэмэгдсэн. 

​

Анх удаа өөрийн бодлого шингэсэн төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. 2027 оны улсын төсөв бол миний анхны төсөв. Энэ хүрээнд онцлох есөн шийдвэрээ зарласан. Нэгдүгээрт, Оюутолгойн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсон.  Хоёрдугаарт, иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өөрөө мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх хүрээнд хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ. 933 төгрөгийн үнэлгээ 3,000 төгрөг болно. Төсөв 90 хувь нь татвараас бүрддэг байсныг  2027 онд 10 хувиар бууруулж, иргэд, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцаллаа. 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөллөө. Бизнес эрхлэгчдийн өсөх замд саад болж буй НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон.  2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгосон. Ирэх жил 1.8 их наяд төгрөгийг барилгын салбарт босгоно.

​

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж байна. Ирэх жил дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Халамж хавтгайруулахгүй. Цалинтай ээж, Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй. “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд уул уурхайн салбарт цахилгаан машиныг дэмжинэ. Намайг ажлаа авснаас хойш цахилгаан машины хэрэглээ гурав дахин өссөн. Нарны панель тавьж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлж буй 227 өрх 252 сая төгрөгийн орлого  олсон байна.  2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит  уул уурхайн 26 компанийг татан  буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх жил ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна. ТӨК-ийн хувьцааг үе шаттайгаар  олон нийтэд санал болгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ.

​

Төсвөөс санхүүжүүлэх том төсөл байхгүй. Хөгжлийн томоохон төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд зургаан тэрбум ам.долларт хүргэнэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дээрх төслүүдийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Эдгээрт ажиллах боловсон хүчний суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуул 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна зэрэг бодлогоо танилцуулав. 

​

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно. “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нь байрлая. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийгээ олон улсынх болгоё, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Говийг усжуулах "Хэрлэн Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашдаа ч говийн усны асуудлыг нэг тэргүүнд тавина гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ. 

​

​

​

​

​

​

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Огноо:

,

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 

100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.  

Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна. 

Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2 цаг 10 минут

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Шударга мэдээ2 цаг 19 минут

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг...

Цаг үе2 цаг 33 минут

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Цаг үе2 цаг 39 минут

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Урлаг спорт2 цаг 46 минут

«Бостон Селтикс» хуучин тоглогч Жейлен Брауныхаа эсрэг хийсэн тогл...

Цаг үе2 цаг 52 минут

Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалг...

Цаг үе2 цаг 57 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Улстөр нийгэм2026/11/11

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээн...

Шударга мэдээ2026/11/11

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар ...

Улстөр нийгэм2026/11/11

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэ...

Санал болгох