Улстөр нийгэм
Монгол, Оросын ерөнхий боловсролын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарлаа
Ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгууллаа. Санамж бичигт Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Оросын талыг төлөөлж Гэгээрлийн сайдын нэгдүгээр орлогч Д.Е.Глушко нар гарын үсэг зурсан. Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг цахимаар зохион байгуулсан болно.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг угтаж байгаа энэ цаг үед ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг Оросын талтай байгуулснаараа онцлог үйл явдал боллоо.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
- ерөнхий боловсролын салбарт ажиллах багшлах боловсон хүчнийг бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,
- суралцагч, багш солилцоог хэрэгжүүлэх,
- ерөнхий боловсролын салбарт шинэлэг мэдээлэл технологийг нэвтрүүлэх талаарх туршлага солилцох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Түүнчлэн цахим холболтын үеэр талууд хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах асуулаар санал солилцож, шинэ сургууль байгуулах ажлыг шинэ оны эхнээс эхлүүлэхээр боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын ОХУ-ын сайдтай хийсэн цахим уулзалтын үр дүнд Оросын талтай орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах ажлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохирлоо. ОХУ-ын Гэгээрлийн яамтай өмнө нь хийсэн тохиролцооны дагуу энэ хичээлийн жилээс манай улсын хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын зургаан сургуульд орос хэлний мэргэжилтэн багш цахимаар ажиллаж байна. Уулзалтаар Монголын талаас санаачилж буй монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн багш нарыг томилон ажиллуулах төслийг Оросын тал сайшаан дэмжиж, одоогийн байдлаар ОХУ-ын гурван ерөнхий боловсролын сургууль монгол багш нарыг хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: БШУЯ
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2021/12/16
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2021/12/06
ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
-
Үзэл бодол2020/01/13
З.Болормаа: Бэлгийн идэвхтэй харилцаа амьдралын чанарыг бий болгодог
-
Улстөр нийгэм2023/11/17
Шинэ Зеланд Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
