Урлаг спорт
“Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус цэнгүүний энэ жилийн зохион байгуулалт болоод онцлогийн талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнгээс тодруулж, хариулт авлаа.
-“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хот өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг хэрхэн зохион байгуулахаар болсон бэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, Урлагийн газар жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийнхээ төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг зохион байгуулж ирсэн. Ингэхдээ тухайн жилд хит, олны хүртээл болсон уран бүтээлчид, хамтлаг, дуучдыг урьж оролцуулан иргэд, хотын удирдлагууд, урлаг соёлын салбарынхан хамтдаа Сүхбаатарын талбайд шинэ оноо угтдаг.
Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, олон хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон хамтран тайз засал, гэрэл, хөгжим, болон бусад техник хэрэгслийг бэлдэх, төв талбайд сүлд модоо засаж, чимэглэх, он солигдох мөчид ёслолын буудлага зохион байгуулах гээд маш олон ажил зохион байгуулдаг байсан. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг маш олон хүн гэр бүлээрээ зорин ирж төв талбайд цугладаг. Тиймээс Нийслэлийн Цэргийн штаб, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага хамтран ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна “UBS” телевиз шууд дамжуулдаг байсан. Энэ жилийн хувьд “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй.
Гэхдээ жил бүрийн 12 дугаар сарын 15-нд төв талбайд сүлд модоо байрлуулж чимэглэдэг уламжлалын дагуу нийслэлийн сүлд модоо зассан. Харин “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах баярын цэнгүүнээ телевизийн контент хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж, зөвлөлдсөний үндсэн дээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлэгтэй нэгтгэн “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг улс орон даяар хүргэхээр боллоо. Эрхэм үзэгчид та бүхэн МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB” спорт суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар маргааш буюу энэ сарын 31-ний 22:00 цагт “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.

-“Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” урьд өмнөх “Баярын мишээл” шинэ жилийн баярын хөтөлбөр, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнээс юугаараа илүү өвөрмөц, онцлог байх вэ?
-МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй ярилцаад “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021”-ийн төлөвлөгөөг боловсруулахдаа зөвхөн өнгөрч буй онд хамгийн их олны хүртээл болсон, хит бүтээл болоод хамтлаг, дуучдыг урьж оролцуулсан теле концерт хэлбэрээр хийх бус шинэ содон шинэлэг санаа агуулсан баярын хөтөлбөр, контент бүтээх шийдэлд хүрсэн. Ингэхдээ уран бүтээлүүдийг арав арван жилээр нь багцалсан, таван хэсэг зохиомжтой буюу өөрөөр хэлбэл хагас зууны хит бүтээл, түүнийг амьдруулсан уран бүтээлчдийг урьж оролцууллаа. Мөн үe үeийн төлөөлөл болгон олны танил зочдыг урьж оролцуулан бага нас, шинэ жилийн баяртай холбоотой дурсамжуудыг нь хуваалцаж байгаа. Жишээлбэл 1970, 1980, 1990, 2000, 2010 оны үед шинэ жилийн баяр, он солигдох мөчийг хэрхэн тэмдэглэж байсан, тухайн үед ямар уран бүтээл хит болсныг эргэн сануулахыг хүссэн.

Үүнээс гадна МҮОНРТ-ийн Алтан сан хөмрөгт маш үнэт ховор архивууд бий. Энэ үнэт архивын дуу дүрснээс багахан хэсгийг “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” баярын хөтөлбөрт оруулж байгаа.
Энэ тусгай контентыг бэлдэхэд МҮОНТ-ээс асар богино хугацаанд том баг хамт олон, инженер техникийн ажилчид маш сайн зохион байгуулалтад орж ажиллалаа. Түүнчлэн зураг авалтын талбай, студи, бусад шаардлагатай өрөө, тасалгаануудад ариутгал хийж, арын албанд ажиллаж буй баг хамт олон, бүх хүнээс шинжилгээ авч, эрүүл аюулгүй орчныг ханган ажилласан. Үүнээс гадна “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын хяналтын дор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан баярын хөтөлбөр, контентод оролцсон уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлмээр байна.


Уригдан ирж буй уран бүтээлчид “Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” баярын хөтөлбөрийн тайз, гэрэлтүүлэг маш их таалагдсан. Мөн хуучны хит бүтээлүүдээ дахин амьдруулж, сайхан дурсамжуудаа сэргээж байгаадаа маш их баяртай байна” гэдгээ хэлж байсан.
Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдүүдэд Нийслэлийн Засаг даргын бэлэг гардуулна
-Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүний хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулдаг байсан бэ. “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хот өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой энэ удаад ямар өөрчлөлтүүд оров?
-Нийслэлийн Соёл, урлагийн газар “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг хариуцан зохион байгуулахаас гадна сүлд мод засах, он солигдох мөчид ёслолын буудлага буудуулах болон дүүрэг бүрт сүлд мод байрлуулах, чимэглэх болон бусад шинэ жилийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ жил ч мөн адил бид “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” хөтөлбөрийн арын албанд багаараа ажиллаж байгаа.
Энэ жил зарим дүүрэгт л сүлд мод чимэглэсэн. Бусад олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд цар тахлын нөхцөл байдал, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахим хэлбэрт шилжсэн.
Мөн өнгөрсөн жилүүдэд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын бэлгийг Хүүхдийн асрамж, халамжийн төв, Түр хамгаалах байрны хүүхдүүдэд хүргэдэг байсан. Энэ жил дээрх зорилтот бүлгийн хүүхдүүдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдэд Нийслэлийн Засаг даргын бэлэг өгч байгаа.
-Та “Баярын мишээл” шинэ жилийн баярын хөтөлбөр, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнтэй холбоотой өөрийн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Өмнө нь он солигдох мөчийг дандаа гэртээ тэмдэглэдэг байсан. Тийм дээ ч мэдээж гэр бүлээрээ жил бүрийн “Баярын мишээл” хөтөлбөрийг алгасахгүй үздэг. 2016 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдоод “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг зохион байгуулж, 2016-2017, 2017-2018, 2018-2019 гээд гурван жил Улаанбаатар хотынхоо төв талбайд нийслэлчүүдтэйгээ он гаргасан. Хэдий төв талбайд хариуцсан ажлаа хийж байсан цаг мөч ч гэлээ он солигдох 00:00 цагийг хүлээж, төв талбайд цугласан тэр олон хүмүүстэйгээ хамтдаа “Тав, дөрөв, гурав, хоёр, нэг...” гэж тоолоод шинэ жилийн баярын салют буудахыг харах мөч хамгийн сайхан дурсамж болж үлдсэн. Хэдий жил бүрийн 12-р дугаар 31-ний үдэш маш хүйтэн байдаг ч гэлээ нийслэлийнхээ төв талбайд хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах гэж буй хүмүүсийн уур амьсгал орчноо гоё, дулаан болгодог.






Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Цаг үе2022/11/17
“Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэ...
-
Цаг үе2019/07/22
Зарим замыг нэг чигийн урсгалтай болгоно
-
Улстөр нийгэм2026/04/09
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Шударга мэдээ2019/12/27
Хадгалах хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ
