Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Дархан арьс ширний цогцолбор"-ын бүтээн байгуулалт 20 гаруй хувьтай байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

"Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. "Дархан арьс ширний цогцолбор" байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана

Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар  холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Цаашид:

-       Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах

-       Сургалтын цахим технологийг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулж сургалтад нэвтрүүлэх

-       Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах

-       Багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоог жил бүр тогтоож мөрдөх

-       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох

-       2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэргийг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Товч мэдээ

-        "Ковид-19" цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа,  дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.

-       "Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив.  Таван жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуучуудын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр ажиллана. Спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ.

-       "Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов. Ингэснээр ашигтай ажиллуулах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах,  технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ.

-       "Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө"-г батлав. Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрджээ. Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр байна. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байжээ.

-       "Цөмийн материалыг бүртгэх, хянах журам"-ыг батлав. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.

Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.

Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 21 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе19 цаг 31 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ20 цаг 22 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм20 цаг 39 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм20 цаг 44 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм20 цаг 55 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе20 цаг 59 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе21 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох