Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, уриалга гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад:
“Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж байна.
Дотоодод тархсан “Ковид-19” цар тахлын халдварыг богино хугацаанд хязгаарлахын тулд бүх нийтийн бэлэн байдал тогтоосон нь зайлшгүй арга хэмжээ байсан боловч иргэд, аж ахуйн нэгжийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн таамаглашгүй хүндрэлтэй бид нүүр тулгарлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг төрөөс хариуцах, шахмал түлшний үнийг 75 хувь бууруулах шийдвэрийг 12 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие уг шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чухал алхам боллоо хэмээн үзэж байна.
Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй, халдварын эрсдэл огт буураагүй нөхцөлд Монгол Улсын Засгийн газар болон нийт иргэдэд хандаж, дараах уриалгыг гаргаж байна.
Нэг. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний болзошгүй эрсдэлээс сэргийлэх зохих арга хэмжээг авч, иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усыг ухамсартайгаар хэрэглэх шаардлагатай. Учир нь, 2018 оны 9 дүгээр сарын 15-нд эрчим хүчний ачаалал 1262 МВТ хүрч, IV цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийж, эрчим хүчний доголдолд орж байсан удаатай. Гэтэл -30 хэмийн өвлийн хүйтэн ид дундаа орж, (идэр есийн хүйтэн хараахан эхлээгүй байгаа) эдгээр саруудад эрчим хүчний огцом хэрэглээ бий болж, цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийвэл Улаанбаатар хот ноцтой эрсдэлд орж болзошгүй. Тухайлбал, өчигдөр оройны байдлаар, цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна.
Хоёр. Хөдөө орон нутгийн айл өрх, малчдын амьжиргааг анхаарч, дэмжих бодлого шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Гурав. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээнүүдийг улсынхаа нийгэм, эдийн засгийн онцлог, цаг үеийн нөхцөл байдал, дэлхийн бусад улс орны жишигт нийцүүлэн цаг алдалгүй улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Дөрөв. Монгол Улсын нийт ард иргэд иргэний журамт үүргээ сахин биелүүлж, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн зарчимч шаардлагыг бие биедээ тавьж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна.
Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
