Урлаг спорт
Их аварга М.Ананд Япон улсын иргэншилтэй болжээ

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд албан ёсоор Япон улсын иргэншилтэй болсныг өчигдөр хэвлэлүүд нь мэдээлж эхэллээ. Ингэснээр тэрбээр зодог тайлсныхаа дараа Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм. Мөн Монгол сумочдоос иргэншлээ сольсон долоо дахь бөх болж байна.
Какүрюү М.Ананд 2001 онд “Изүцү” дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. Тус дэвжээний ояката 2019 онд таалал төгсч, улмаар Какүрюү М.Ананд “Мичинокү” дэвжээ рүү шилжсэн. Хэрэв М.Ананд зодог тайлсныхаа дараа дэвжээний багш болбол Болгар гаралтай озеки Котоошу, Мусашимару их аварга болон секиваке Кёкутенхо Н.Цэвэгням нарын араас Японы иргэншил авсан дөрөв дэх багш болох аж.
Урлаг спорт
“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2025” шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-ний өдөр эхэлсэн байна.
Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд зохион байгуулж байна. Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 13 байгууллагын 600 орчим тамирчин оролцож байна.
Тэмцээнд оролцож буй байгууллагуудын баг, тамирчид шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.
Тэмцээнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээж, Улсын Их Хурлын гишүүд, тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Урлаг спорт
“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна
БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болж байна.
Уг фестивальд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байна.
Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаа нь онцлог юм.
Ташрамд, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй юм. Энэ онд хоёр хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа билээ.
Урлаг спорт
Хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг хоёр дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. Гүйлтийн арга хэмжээ нь 6-17 насны ангиллаар зохион байгуулагдах тул оролцох боломжтой. Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Уг арга хэмжээ нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр
- Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
- Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
- Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж
- Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэн
- Авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна
- • The Open Mic арга хэмжээнд оролцох боломжтой