Улстөр нийгэм
ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцаад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хориг тавьсан. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн албан бичигт, 2021 оны улсын төсөв бидний тавьсан шаардлагад огт нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадсангүй. Улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдпыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгах ёстой байтал огт тоосонгүй. Тухайлбал, эрхэм гишүүд та бүхэн ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэсэн байлаа.

2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Үүнд:
Нэгдүгээрт, Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
Хоёрдугаарт, Эрсдэлийн сангаас өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
Гуравдугаарт, Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавирусын эсрэг вакцин худалдаж авахад зарцуулах,
Дөрөвдүгээрт, Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарсан бодлого хэрэгжүүлэх. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат нар оролцов.
Хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Х.Булгантуяа, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан нар Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн авах боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, “Цаг хугацааны хувьд эрсдэлд орох учраас энэ удаагийн хоригийг хүлээн авах боломж байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлыг 20 хувь хэмнэнэ гэхээр улс, орон нутаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын гээд бүх төсвийг эхнээс нь хэлэлцэх, хөндөх шаардлага үүснэ. Үүнийг ондоо багтаж хэлэлцэх боломж байхгүй” гэдгийг тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, “Өнөөдөр амаргүй нөхцөл байдал нүүрлэсэн учир дундын шийдэл гаргах нь зүйтэй. Төсвийн орлого тасарч, зарлага нэмэгдэхэд хуулийн дагуу төсвийн тодотгол хий гэдгийг Улсын Их Хурал Засгийн газраас шаардах болно. Энэ үед та бүхний гаргаж байгаа зөв зүйтэй саналыг тусгаж болно. Харин ганцхан сарын дотор дахин төсвийн төсөл боловсруулж, батлуулах боломж үгүй, баталж чадахгүй бол төрийн үйлчилгээ бүхэлдээ тэг зогсолт болно” гэдгийг онцолж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ж.Батсуурь нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа “Мөнгө байхгүй бол энэ тухай ярихгүй. Харин төсвийн төсөл дэх соёлын төв, музейн барилгуудынхаа санхүүжилтийг түр царцаагаад сэхээнд байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байраа хадгалахад чиглүүлэхэд анхаарч, нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, “МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн. Үүний шалтгаан нь хөл хорионы улмаас өнөөдөр 60 мянган аж ахуй нэгж түүнд ажиллаж байгаа 750 мянган иргэн ажилгүй, орлогогүй болж байна. Энэ хүмүүс олон жил ажилгүйдлийн даатгал төлсөн. Өнөөдөр ажилгүйдэл нүүрлэсэн үед төр иргэдийнхээ эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үүргээ биелүүлэх шаардлагатай тул Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна” гэж байлаа.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75,0 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2025/11/18
Г.ЗАНДАНШАТАР: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй...
-
Цаг үе2025/06/19
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
-
Шударга мэдээ2021/10/04
Нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын алба “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ
-
Улстөр нийгэм2026/06/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа
