Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүй байна.


2020 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагаас 11 дүгээр сарын 14-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2020 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 17,18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ

Огноо:

,

Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.

Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.

Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.

Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгааны явцтай танилцлаа.

Тус газарт 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей хамтран археологийн судалгаа хийж иржээ.

Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшны малтлага үргэлжилж байна. Уг булш нийт 80 метр урт, үндсэн байгууламж нь 40х40 метр хэмжээтэй бөгөөд Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшнуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.

Судлаачид эхлээд зургаан дагуул булшийг малтан судалсны дараа үндсэн булшны оршуулгын хэсэг буюу модон бунханд хүрчээ. Малтлагын гүн одоогоор 15 метр буюу таван давхар барилгын өндөртэй дүйцэх хэмжээнд хүрсэн байна.

Булшны нүхийг дээрээс доош шатлан нарийсгаж ухсан нь байгууламжийг “уруу харсан пирамид” хэлбэртэй харагдуулдаг аж.

Сүүлийн үеийн малтлагаар модон бунхны дээд хэсгээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэглэл бүхий сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор шинээр илэрч эхэлжээ.

Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн үеийн 300 орчим булш бий. Тус дурсгалыг 1974 онд археологич Х.Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх илрүүлж, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулсан байна.

2006-2012 онд энд Хүннүгийн язгууртны гурван булш, чулуун байгууламж бүхий дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул 13 жижиг булшийг малтан судалжээ.

Өмнөх малтлагуудаас хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл, хаш эдлэл, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянган эд өлгийн зүйл илэрсэн юм.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алт шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд гарсан нь Хүннүгийн язгууртны ахуй, оршуулгын зан үйл, урлалын технологийг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийнханд талархал илэрхийлж, “Мон-Сол” төслийг Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа, найрамдлын нэг илэрхийлэл хэмээн онцолжээ.

Дуурлиг нарсны дурсгалт газарт цаашид Судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулахаар төлөвлөж байна. Илэрсэн олдворуудын заримыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтэд үзүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох