Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

Огноо:

,

Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Г.Батзаяатай ярилцлаа.

- Танай байгууллага дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриагаа хэлэх үү?

- Үүсээд байгаа нөхцөл байдал биш (Үүсгээд) байгаа нөхцөл байдаг гэж харж байна. Ажлын нөхцөл, цалин мөнгөтэй холбоотой асуудлаар хамт олон санаа бодлоо илэрхийлэх нь зөв. Гэхдээ өнөөдөр энд Радиог төлөөлөөд зогсож байгаа хүмүүс яг манай 120 хүний төлөөлөл мөн үү гэвэл үгүй.

Радиогийнхоо  хамт олныг хуралдуулаад санал хураалтаар гурван хүнээ төлөөлөөд явуулсан бол хамаа алга. Гэтэл үгүй. Анх ажил гүйцэтгэлийн 20 хувь хассантай холбоотой асуудлыг тавьж хамт олны гарын үсэг цуглуулсан. Гэтэл одоо хэн нэгний гар хөл болж хамт олныг турхирч эхэллээ. Ямар сайндаа л Радиогийн хэсэг залуус анх зурсан гарын үсгээ хамгаалж бидний гарын үсгийг өөр ашиг сонирхлоор ашиглахгүй байхыг уриалан дахин гарын үсэг зуруулахад 10 хүнээс бусад нь зурсан байх жишээтэй.

Үүнийгээ ч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна лээ. Ингэхдээ тэд МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлээс санхүүгийн хүндрэлтэй үед ажил гүйцэтгэлийн 20 хувийг түр хугацаанд олгохгүй байх Захиргааны шийдвэрийг эсэргүүцэж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамт олны гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажил ч шийдэлд хүрч ажилтнууд бид 10 дугаар сарын 25-ны  цалингаас эхлэн ажил гүйцэтгэлийн 20 хувь авах боломж бүрдсэн.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улс орон төдийгүй дэлхий нийтээр санхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бид тогтвортой ажлын байртай,  найдвартай орлоготой, цалингаа цаг хугацаанд нь бүрэн бүтэн авч байх нь маш чухал билээ.

Харин Үйлдвэрчний эвлэлээс явуулж буй цалингийн 20 хувиа авах хөдөлгөөн нь анхны зорилгоосоо гажуудан, бидний хүсэл сонирхлыг буруугаар ашиглах, хамт олны дунд үл ойлголцол үүсгэх вий хэмээн болгоомжлоход хүргэж байна. Сэтгүүлч, уран бүтээлчид, ажилтнууд бид эв нэгдэлтэй, тогтвортой ажлын байртай, найдвартай орлоготой байх нь эдийн засгийн энэ хүнд үед хамгаас чухал байна гэсэн байна.

- Энэ хамт олны гээд байгаа эсэргүүцлийг удирдаж байгаа хүмүүс бас нэг асуудлыг хөндөж байсан.  Ажлын байрны дарамт нэвтрүүлгийн бодлогод хэт нөлөөлөл үзүүлдэг тухай?

- Ажлын байрны дарамт гэж яг юуг хэлж байгаа юм. Захирал болон дунд шатны менежерүүд нэвтрүүлгийн чанар чансаа бодлого зорилттой  холбоотой асуудлаар шаардлага тавихаар дарамт гэж хүлээж авч байгаа тэр улсуудаас ажлын байрны дарамт гэж юу болохыг асуусан нь дээр байх.

- Радиогийн залуус оюун санааны хувьд ядуурч байна гэсэн шүүмжлэл байна?

- Саяхан ганц нэг хүмүүсийн хийсэн  LIVE-ийн үеэр яригдсан шүүмжилсэн асуудлуудыг асуугаад байх шиг байна. Энэ байгууллагын эд эс нь, нэг тогооноос хоолоо хувааж идэж, дээр нь нас тогтсон туршлагатай сэтгүүлч уран бүтээлчид байж залуу үеийг залж чиглүүлж явахын оронд оюун санаа нь хоосорсон мэтээр ярьж шүүмжилж байгаа нь харамсалтай. Өнөөдөр энэ Радиог залуучууд л авч явж байна. Бараг 70 аад хувь нь залуучууд шүү. Тэдгээрийн дотор салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хийсэн бичсэн бүтээлээрээ тодрон гарч гялалзаж яваа нь ч бий. Би хамт олноороо залуучуудаараа хаана ч бахархана. Тантай санал нийлэхгүй байна.

- Та төрийн бус байгууллагатай юм байна. 76 жилийн түүхтэй Радиогийн брэнд шагналыг өөрсдийн болгож үнэгүйдүүлсэн үнэлж зарж ашиг орлого олсон гэж байна?

- “Алтан төлийн эзэн” Монголын Радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит шагнал. 1976 оноос хойш олгож байгаа нэр хүндтэй томоохон шагналуудын маань нэг. 2010 онд жилд таван шагнал гардуулдаг байсан бол өнөөдөр 50-100 болж үнэгүйдүүлж байна гэсэн шүүмжлэл байна. Өнөөдөр Монголын Улс хэдэн сая малтай билээ. Та мэдэх үү.

- 90 сая.

- Тэгвэл 2010 онд хэдэн сая малтай байсан бэ. Жил ирэх тусам мал сүрэг өсч байгаа шүү дээ. Энэ шагналаар дамжуулан улс төрчид PR-аа хийж байна. Тэд  манай аймагт 10 шагнал гарга. Тэдэн төгрөг шилжүүлье гээд авдаг гэх.

- Харин тиймээ ингээд л гуйвуулаад байгаа юм.

- Баримттай ярина аа хоёулаа. Жил бүр цагаан сарын өмнө  манайх болон Хөдөө Аж Ахуйн яам хамтдаа   шалгаруулалтаа хийж шагналыг нь малчных нь хотонд очиж гардуулж өгдөг уламжлалтай. Үүнийгээ ч МҮОНРТ-ээрээ мэдээлдэг. Малчид өөрсдийн материалыг тухай орон нутгийнхаа  Хүнс хөдөө аж ахуйн газраараа дамжуулан бидэнд илгээдэг.

Материалтай нь танилцаад сонгон шалгаруулна. Нэр хүндтэй шагналаа  бид замын унаанд дайгаад явуулчихаж болохгүй биз дээ. МҮОНРТ-ийн Захирлын зөвлөлийн гишүүд, МУ-ын сайд нар, УИХ-ын гишүүд гардуулдаг юм. Энэ нь л сайд дарга нар PR-аа хийж байгаа мэт харагддаг байх.

- Мөнгө авдаг юм уу?

- Цэвэр гүтгэлэг. Үүнд ямар нэг улс төрчийн PR-аа болоод шалгаруулалтад нөлөөлөх, мөнгө төгрөгөөр өгөлцөж, авалцах асуудал огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэе.

- Та нар ТББ байгуулаад энэ шагналыг хувьдаа авчихсан юм биш үү?

- “Алтан төлийн эздийн холбоо” ТББ-ыг 2019 онд байгуулж, Монголын Радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг хувийн зорилгоор ашигласан, нэр хүндийг нь унагаасан, үнэгүйдүүлсэн мэтээр олон нийтэд худал мэдээлэл түгээж байна. Зориудаар. Монголын радиогийн “Алтан төлийн эзэд” шагнал нь МҮОНРТ-ийн өмч бөгөөд үүнийг хэн нэгэн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж эзэмших ямар ч боломжгүй болгож Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалчихсан. Оюуны өмчийн бүртгэлийн гэрчилгээ нь бий.  1976 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 500 гаруй малчид энэ шагналыг аваад байна.

“Алтан төлийн эздийн холбоо” ТББ  нь эдгээр малчдынхаа эрх ашгийг хамгаалах нэр хүндийг өргөхүйц нийгмийн чанартай арга хэмжээ зохион байгуулах, уламжлалт мал аж ахуйн хөгжил дэвшлийн төлөөх хурал чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ шагналын үнэ цэнийг хадгалан, малчдын арга туршлагыг залуу үед өвлүүлэн сурталчлах зорилготойгоор бид ТББ байгуулсан.

Гэвч Алтан төлийн эздийн холбоо ТББ-ыг үүсгэн байгуулсан зорилгыг илтэд гуйвуулан, шагналын эздээс энэхүү ТББ-гаар дамжуулан  гурван сая төгрөг авсан тухай ярьж байна. Бид холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулах болно. Энэ холбоог 2019 онд байгуулсан цагаас хойш энэхүү ТББ-ын дансаар нэг ч төгрөгийн гүйлгээ хийгдээгүй, Алтан төлийн эздийн чуулга уулзалт зохиож, тэднийг зохион байгуулалтад оруулж, залуу малчдад  туслах хөдөлгөөн өрнүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байсан ч  Ковидоос болоод түр саатсан. Байгууллагын дансаар гүйлгээ хийгдээгүйг нотлон дансны хуулгыг танд үзүүлье.

- Монголын радиогоор  сонгуульд хэн ялна түүний дуу хоолой илүү явж байна гэх. Радиогийн бодлого алдагдсан уу?

- Аливаа улс төрийн нам эвсэл сонгуульд ялсныхаа дараа өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлого шийдвэр засаглалыг хэрэгжүүлэх сонирхол аль ч үед байсаар ирсэн. Бид мөн адил хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, 86 жилийн түүхэнд Монголын ард түмний бидэнд өгсөн итгэл үнэмшил, энэ байгууллагын ноён нурууг ганхуулахгүй байхыг хичээж ирсэн. Зөвхөн нэг намыг магтан дуулдаг, хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд дарга нарын сурталчилгааны мэдээллийн хэрэгсэл болсон мэтээр энэ байгууллагын нэр хүндийг зориудаар харлуулах оролдлого мөн явсаар л ирсэн шүү дээ. Монголын Радио хуулиар хүлээсэн үүрэг нэвтрүүлгийн бодлого чиглэлээ алдаагүй.

- Ингэхэд Та хэзээнээс Монголын Радиогийн захирлаар ажиллаж байгаа вэ. Мэдлэг туршлага гээд л асуувал?

- Миний хувьд МУИС-ийг Улс төр судлалын чиглэлээр төгссөн. МУБИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2014-2016 онд АНУ мөн Австрали улсад сурсан. Ажлын тухайд 2003-2010 хүртэл Монголын радиогийн “Хурд” агентлагт сурвалжлагч, 2010-2012 онд  ЗГХЭГ-т шинжээчээр, 2012-оос 2014 он хүртэл “Хурд” агентлагийн дарга,  2016 онд Монголын Радиогийн Ерөнхий продюсер, Нэвтрүүлгийн хэлтсийн дарга 2018 оноос ОНР-ийн захирлаар ажиллаж байна. Мерит зарчмаар буюу энэ байгууллагын бүх шатанд нь ажилласан туршлага надад бий. Мэдээж хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтаар энэ албанд томилогдсон.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цагын өмнө

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе20 цаг 10 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ21 цаг 1 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм21 цаг 18 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм21 цаг 23 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм21 цаг 34 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе21 цаг 38 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе21 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох