Үзэл бодол
Б.Батбаатар: ФАТФ-ын шалгуур өөрчлөгдөх болгонд Монгол Улс хөл нийлүүлэн алхах нь чухал

Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.
- Саарал жагсаалтаас гарах ФАТФ-ын зөвлөмжийг хэрхэн биелүүлснийг шалгах газар дээрх хяналтын баг саяхан Монгол Улсад ирж ажиллалаа.
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн дагуу Монгол Улсыг энэ ондоо багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах нь Монголбанкны эн тэргүүний ажил байсан. Энэ хүрээндээ маш эрчимтэй ажиллаж, бусад төрийн байгууллага, хувийн сектор, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласны үр дүнд газар дээрх хяналт шалгалтын багийг Монгол Улсад авчирч чадлаа. Ингэснээр ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтын баг аравдугаар сарын 1, 2-ны өдөр хяналт, шалгалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийтдээ 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцож, бүгд өөр өөрсдийн салбарын хариуцсан ажлаа тайлагнасан. Тэгэхээр газар дээрх энэ хяналт, шалгалтын хариу нь аравдугаар сарын сүүлээр гарч, ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. Тэгэхээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлийн үндсэн ажлууд 2020 онд хийгдсэн.
Харин ирэх онд ямар ажил хийх вэ гэдэг асуудал бий. Төв банк жил бүрийнхээ мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах асуудалд өндөр ач холбогдол өгч, тэргүүн зэргийн заалт болгож оруулдаг. Ирэх жил ч бас энэхүү уламжлалаа хадгалж байгаа. Тэгэхээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр заалт оруулсан. Тодруулбал, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчноо ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн боловсронгуй болгоно. Мөн Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдал буюу зөвлөмжүүдийнхээ үнэлгээг ахиулах чиглэлээр гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллана” гэж тусгасан. Түүнчлэн ирэх 3-4 жилд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг буюу Үндэсний хөтөлбөрийг батлуулъя. Ингэж батлуулахдаа үндэсний эрсдэлийн үнэлгээг хийнэ. Энэ оны хоёрдугаар сард Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэг байгуулагдсан. Нийт 10 дэд ажлын хэсэгтэй, 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй энэ баг нь салбар бүрийн эрсдэлийг үнэлэх, үүн дээрээ тулгуурлаад, дутагдалтай талуудыг илрүүлж, асуудлыг систем, тогтолцооных нь хувьд тодорхойлох зорилготой юм. Бид энэхүү үндэсний эрсдэлийн үнэлгээг дөрөвдүгээр улирал гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Үндэсний эрсдэлийн үнэлгээний ач холбогдол юу вэ?
- Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр салбар бүрийн эрсдэлийг гаргаж ирснээр энэ нь ирэх оны эхний улиралд батлагдах Үндэсний хөтөлбөрийн гол цөм нь болох юм. ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн дараагийн үнэлгээ 2023 онд болно. Тэгэхээр Үндэсний хөтөлбөр нь ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн зөвлөмж тус бүрээр ямар асуудал тулгарах вэ, ямар эрсдэлүүд бий болох вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ, хэн, ямар байгууллага хариуцах вэ гэдэг бүх асуудлыг тодорхойлох бодлогын томоохон бичиг баримт болох юм. Тийм учраас бид ирэх оны эхний улирал гэхэд энэхүү баримт бичгээ батлуулаад, үлдсэн хугацаанд нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад, цаашид хэрэгжүүлж ажиллана. Энэ бүгд нь 2023 онд болох ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээг хамгаалах чухал суурь ажил болох юм.
- ФАТФ-ын зөвлөмжийн талаар үнэлгээг сайжруулахад ирээдүйд ямар алхам хийх вэ?
- Юун түрүүнд энэ он болон ирэх он дамнаад виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх хуулийг батлуулах шаардлагатай байгаа. Мөн ашгийн бус байгууллагын тухай хуулийг батлуулах хэрэгтэй. Үүн дээр ХЗДХЯ голчлон ажиллаж байна. Харин виртуал хөрөнгийн зохицуулалтын хуулийн хувьд Монголбанк хариуцах юм. Мөн 2021 онд техник хэрэгжилтийн “Зөвлөмж 1”-ийн үнэлгээг сайжруулах тухайд Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа. Дээр дурдсанчлан Үндэсний эрсдэлийн үнэлгээг 2020 ондоо багтаад хийнэ. Энэхүү үнэлгээний дагуу бид 2021 онд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэгт үнэлгээг ахиулах чиглэлээр ажиллах юм. Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн хувьд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлууд илүү чухал байна. Ингэхдээ гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, техникийн туслалцаа авна. Тэгэхээр 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр ийм бодлого хэрэгжүүлэх юм.
- Монгол Улс саарал жагсаалтад орсноор банкуудын гадаад гүйлгээ, мөн корреспондент банкны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдсан. Саарал жагсаалтаас гарснаар энэ асуудал эерэгээр шийдэгдэх үү?
- Саарал жагсаалтад орсон орны хувьд дараагийн нэг жилдээ ДНБ-ий өсөлт 0.98 нэгж хувиар буурдаг гэсэн статистик бий. Манай улсын хувьд энэ асуудал нь санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарт яаж нөлөөлөх вэ гэдэг нь маш чухал. Банкны сектороор дамжаад гадаад худалдаа эрхэлж байгаа хувийн секторын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, гадаад төлбөр тооцоо хийгдэх хугацаа уртасч, төлж байгаа шимтгэлүүд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, нэг банкаар дамжаад төлбөр тооцоогоо хийдэг байсан бол хоёр банк болчихоор тухайн арилжааны банкны болон тухайн банкаар үйлчлүүлж буй хувийн хэвшлийн байгууллагын зардлыг өсгөдөг. Гэхдээ Монгол Улс саарал жагсаалтаас гарсан тохиолдолд энэ асуудал эерэг тал руугаа өөрчлөгдөнө. Гадаад төлбөр тооцоо дамжуулагч банкны хувьд корреспондент банкны харилцаа нь маш чухал. Саарал жагсаалттай холбоотойгоор корреспондент банкны үйл ажиллагаа хумигдсан ч ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гарснаар манай улсын банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавих шалгуур зөөлөрнө. Мөн тухайн улс орны банкуудад Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай тэмцдэг, энэ чиглэлийн эрсдэл багатай юм байна, тийм учраас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэх мессежийг өгнө. Банкуудаас мөн корреспондент банкуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дахин эрчимтэй арга хэмжээг авч эхлэх байх. Энэ утгаараа ойрын хугацаанд корреспондент банкны үйл ажиллагаа сайжирна гэж харж байгаа.
Ирэх онд эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улс дахин саарал жагсаалтад орохгүй байх нөхцөл бүрдэх үү?
- Саарал жагсаалтад орохгүй байхын тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал. Мөн тухайн улс орон төрийн дээд түвшинд энэ асуудалд ач холбогдол өгч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчилж, хариуцсан байгууллагууд нь ажлаа цаг тухайд нь, чанартай хийх нь чухал юм. ФАТФ-аас тавьж байгаа олон улсын стандартууд байнга чангарч байгаа. Тэгэхээр энэ стандартуудыг Монгол Улс тухай бүрд нь дагаж мөрдөж байх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахиад л дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр стандарт өөрчлөгдөх болгонд Монгол Улс тэр стандарттай хөл нийлүүлж явах нь чухал юм. Тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байх ёстой. Үүнийг л ФАТФ-аас хамгийн гол зарчим болгож, шаарддаг.
- ФАТФ-ын зөвлөмжийг дагахад төрийн байгууллагуудын оролцоо чухал гэдгийг та хэлж байна. Яг саарал жагсаалтаас гарах, Монгол Улсын үнэлгээг ахиулах зэрэг ажлуудад хамтын ажиллагаа хэрхэн хангагддаг вэ. Цаашдаа хамтын ажиллагааг илүү сайжруулах талаар хэрхэн ажиллаж байна вэ?
- Санхүүгийн мэдээллийн алба нь төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны гадаад, дотоод харилцаа гээд бүхий л асуудлыг хариуцаж байдаг. Одоогоор Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд төрийн 20 гаруй байгууллагын оролцоотой Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна. Мөн төрийн 20 байгууллагын оролцоотой Үндэсний зөвлөл бий. Тухайлсан төрийн байгууллагуудын дээд удирдлага болон дунд түвшний менежрүүдийн хосолсон ажлын хэсгүүд тогтмол хуралдаж асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Мөн хамтын ажиллагаагаа сайжруулаад явж байна. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ-ын зөвлөмжүүд, бусад стандарттай холбоотой хийгдэх ажлуудыг тухайн бүрд нь эдгээр зөвлөлдөө танилцуулж, аль байгууллага ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлж, асуудлыг эзэнтэй болгоход тогтмол дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын МУТСТ талаарх ойлголт, хүний нөөц чадавхи харьцангуй сайжирсан гэдгийг бас онцлон тэмдэглэмээр байна. Мөн Терроризмтэй тэмцэх зөвлөл гэж бий. Уг зөвлөл нь терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ зөвлөлд мөн л 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл бий. Тэгэхээр манай энэ зөвлөлүүд байнгын харилцан хамтын ажиллагаатай байх ёстой. Мөн мэргэжлийн холбоодуудын хүчин чармайлт чухал. Үүнээс гадна хэчнээн төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажилласан ч гэсэн энд хувийн хэвшлийн дэмжлэг маш чухал. Тэгэхээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд маань төрийн байгууллагуудаа дэмжээд, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагдаж, мэдээлэл, туршлага солилцох байдлаар ажиллаж явах нь дараагийн удаад 2023 онд Монгол Улсын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлэхэд ямар нэгэн дутагдал гарахгүй байх чухал суурь болно.
- Ярилцсанд баярлалаа.
Үзэл бодол
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Үзэл бодол
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ.
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.
Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.
-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Үзэл бодол
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.
-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт 200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.
-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?
-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Үндсэндээ бол татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
-
Үзэл бодол2019/06/19
Дэлхийн 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноодог
-
Улстөр нийгэм2021/06/11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барилаа
-
Шударга мэдээ2022/01/11
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана
-
Цаг үе2022/08/23
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ