Улстөр нийгэм
С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.
Улсын Их Хурлаас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Хүүхэд хамгааллын чиглэлээрх хууль, тогтоомж батлагдаж, төсвийг нь нэмэгдүүлж байгаа ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна. Ялангуяа цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа уулзалтын эхэнд онцлов.

Мөн эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн хандлага, ойлголтыг өөрчлөх, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулж, нэг шат ахиулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг эхлүүлжээ. Үнэлгээний тайланг энэ оны сүүлээр олон нийтэд зарлахаар төлөвлөсөн байна. Энэ тайлангийн үр дүнгээс шалтгаалан 2021 оны хамтын ажиллагааны чиглэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар бие даасан хууль гаргах эсхүл бусад хуульд тодорхой зохицуулалтуудыг уялдуулан оруулах шаардлагатай эсэх нь тодорхой болох боломжтойг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэллээ.
Тэрбээр, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зөвхөн бэлгийн хүчирхийллээр хязгаарлаж, тухайн гэр бүлийн дотоод асуудал мэтээр хандаж болохгүй. Хүн бүрт хамааралтай учраас парламентын зүгээс Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийг батлахдаа хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хуулийн шинэчлэлүүдийг хийхэд анхаарал хандуулахыг УИХ-ын дэд даргаас хүсэв.

Ковид-19 цар тахлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн тоо өссөн нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгаа. Иймд хууль сахиулах байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтнүүдийг чадваржуулах, www.ekids.mn цахим хуудас болон хүүхдийн тусламжийн 108 утасны программ шинэчлэлд ажиллаж байна. Утсаар залгаж мэдээлэл өгөхөөс гадна чат болон мессежээр дуудлага, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна гэлээ.

Цаашид нэг ч хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ-ын дэд даргын хувьд манлайлан оролцож, бүхий л талаар хамтран ажиллана гэдгээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа илэрхийллээ.
Улстөр нийгэм
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.
Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




Улстөр нийгэм
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Улстөр нийгэм
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
