Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МҮОНРТ-тэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлиг, мөн 2018 оны 46 дугаар зарлиг, 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоол, 2020 оны 96 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 1ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дээрх Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Дэд захирал Г.Гэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр талаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөл байлцав. Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран Монгол хэлний аялгуу, угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн нэвтрүүлэх бүтээх, бичгийн чулуун дурсгалыг танин мэдүүлэх, сурталчлах, хадгалан хамгаалахад анхаарч ажиллах, аман зохиолын асар их баялаг, өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлэг, контент бэлтгэн хүргэх, монгол бичгийн хэрэглээг дотоод, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгийн бийрийн уран бичлэгийн үндэсний хэмжээний цэнгээнт шоу нэвтрүүлэг бүтээх зэрэг олон ажил хийх юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам: “Монгол Улсад “Эх хэлний өдөр” мөн Эрдмийн баяр тохиож буй энэ өдөр их бэлэгшээлтэй үйл явдал болж байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт болон монгол хэлтэй холбоотой төрийн бодлого болоод бусад холбогдох бичиг баримтын хэрэгжилтийг хангадаг. Монгол хэлний тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигт зааснаар монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, зөв бичгийн дүрмээ ёсчлон дагах шаардлага манай улс орон даяар үүссэн. Энэ ажилд хамгийн гол түүчээ болох үлгэр жишээ үзүүлэх газар бол МҮОНРТ. Тиймээс манай Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн тавдугаар сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжамцад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлт илгээсэн. Үүнийг олон нийтийн радио, телевизийн удирдлагууд таатай хүлээн авч, өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар манай хоёр тал цаашдаа илүү гүн гүнзгий, өргөн хүрээтэйгээр нягт хамтран ажиллана” гэв.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Дэд захирал Г.Гэрэл: “МҮОНРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд олон ажил төлөвлөсөн. Аливаа улс үндэстний иргэд эх хэлээ хадгалж, хамгаалах, зөв ярьж, бичиж хэвших, үүнд уриалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо хамгийн чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөр тутамд мэдээ, мэдээлэл дамжуулахдаа үзэгч, уншигч, сонсогчиддоо эх хэлээрээ зөв зүйтэй ярьж, бичсэн байх ёстой. МҮОНРТ урьд өмнө нь ч үндэсний өв уламжлал, эх хэл соёлоо сурталчлах таниулах, хадгалах хамгаалах зорилготой олон нэвтрүүлэг, контент бүтээж үзэгч, сонсогчиддоо хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр байгуулсан санамж бичигт хүүхэд залуусыг уриалан дуудаж, соён гэгээрүүлсэн шинэ уран бүтээл, контент, телевизийн шоу нэвтрүүлэг бүтээж, сүлжээний нэвтрүүлгийн цагт, хөтөлбөрт суулгаж өгөх ажлыг тусгасан.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдсан цагаас манай олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа уялдуулж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн зарлигаараа жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон зарласнаас хойш энэ чиглэлийн үйл ажиллагаа тогтмолжуулж, эх хэл соёлоо дээдлэх, хайрлан хамгаалах уриалгыг илүү олон хүнд хүргэхээр анхаарч ажиллаж байгаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан эх хэл соёлоо хадгалан хамгаалах, сурталчлах таниулах шинэ уран бүтээл, контент, телевизийн шоу нэвтрүүлэг удахгүй үзэгч, сонсогч, уншигчдад хүрэх болно” гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Огноо:

,

“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.

Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.

Салбарын яам цаашид  дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

 “Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.

Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.

Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж,  хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох