Улстөр нийгэм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 27 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт 2019-2020 оны зээлийн төлөвлөгөөг бүрэн эхээр нийтэлсэн.
Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Мөн энэ дугаарт Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигуудыг нийтэлсэн бөгөөд уг зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени, Бүгд Найрамдах Чили, Бүгд Найрамдах Аргентин, Бүгд Найрамдах Латви, Бүгд Найрамдах Эстони Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинээр тохоон томилсон байна.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Журам батлах тухай” тогтоолуудыг нийтэллээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмаар холбогдох хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний 1995 оноос 2019 оныг дуустал хугацааны төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, орлогыг төвлөрүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, тайлагнах, шимтгэл нөхөн төлсөн хугацааг хянан баталгаажуулахаар зохицуулжээ. Ингэхдээ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлэхдээ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 10 хувь буюу сард 42 000 төгрөг байхаар зохицуулсан байна.
Харин Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журмаар Улсын Бага Хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоох, хянахад энэ журмыг баримтлахаар тусгасан бөгөөд бусад зохицуулалтын талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.
Улстөр нийгэм
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Улстөр нийгэм
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.


Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.
Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.



“Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.
Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.









Улстөр нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
