Цаг үе
Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны хоёрдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.
2024 оны гуравдугаар сарын 01-нээс 2024 оны гуравдугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 02-нд Улз, Халх голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03 дугаар сарын 01, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2, 3-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр хүйтэрнэ.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
