Улстөр нийгэм
У.Хүрэлсүх залуучуудаас бүрдсэн мэргэжлийн Засгийн газар байгуулна
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд:
-Шадар сайд - Я.Содбаатар
-ЗГХЭГ-ын дарга - Л.Оюун-Эрдэнэ
-Гадаад харилцааны сайд - Н.Энхтайван
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Сарангэрэл
-Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар
-Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар
-Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх
-БСШУ-ын сайд - Л.Цэдэвсүрэн
-Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар
-ХХААХҮ-ийн сайд - З.Мэндсайхан
-Соёлын сайд - С.Чулуун
-Эрүүл мэндийн сайд - Б.Цогтбаатар
-Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
-Батлан хамгаалахын сайд - Г.Сайханбаяр
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд - А.Ариунзаяа
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон нар орж ажиллахаар болсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнө нь салбартаа олон жил ажиллаж,тодорхой хэмжээний дадлага туршлага хуримтлуулж, салбарынхандаа танигдсан, төрийн албанд мэргэшсэн залуучуудыг сонгож Засгийн газраа бүрдүүлж байна. У.Хүрэлсүхийн багт орж ажиллах гэж байгаа шинэ сайдуудын талаар товч танилцуулъя. Эрчим хүчний сайдад нэр дэвшээд байгаа Н.Тавинбэх гэхэд эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд байгаа Г.Сайханбаярын хувьд Бригадын генерал цолтой, 1994 онд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын гараагаа эхлэж, 1996 оноос хойш Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа юм байна. Нилээд их хүлээлт үүсгээд байгаа Соёлынэ яамны сайдаар ажиллахаар нэр дэвшсэн С.Чулуун нь Шинжлэх ухааны доктор, академич цолтой, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Монголчуудын өв соёлийг дэлхий нийтэд түгээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх соён гэгээрүүлэх томоохон үүрэг хүлээж байгаа Соёлын яамыг С.Чулуун академич тэргүүлэхээр болоод байна.
Тэгвэл Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Б.Цогтбаатар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Тэрээр АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан юм байна. Харин Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Н.Энхтайван нь Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, 1993-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байжээ.
Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшээд байгаа Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байжээ. Харин БСШУ-ын сайдад нэр дэвшээд байгаа Л.Цэдэвсүрэн 1994 оноос эхлэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашиж байгаа, салбартаа танигдсан, ажлаа мэддэг туршлагатай төрийн албан хаагч юм байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 эмэгтэй сайд ажиллахаар болж байна. Тэдний нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшээд байгаа А.Ариунзаяа Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай, гадаадад боловсрол эзэмшсэн бүсгүй юм.
Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын нэр тодорлоо. Төрийн ажлын туршлагатай, мэдлэг боловсролтой, салбартаа сайн танигдсан эдгээр залуучууд урьд өмнө элдэв бохир зүйлд нэр холбогдоогүй, нэр цэвэр, гар цэвэр гэдгээрээ бас ялгарч байна.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
