Цаг үе
Их, дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна
Монголын Их, дээд сургуулиудын консорциумын 46 их, дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна.
Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Учир нь элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн бааз мэдээлэл зэрэг шаардлагатай. ЭЕШ-ын хичээлд үндэслэн МИДСК-ын гишүүн их дээд сургуулиудын хөтөлбөр, мэргэжилд элсэх боломжит бүх хувилбарыг элсэлтийн систем тооцоолол хийж орон нутаг, алслагдсан аймаг, сумдын төгсөгч хүүхдүүдэд хүндрэл учрахгүй байхаар зохион байгуулах юм.
ЕБС-ийн төгсөгчид цахим элсэлтийн бүртгэлд хоцрохгүй бүртгүүлэх, элсэлтийн үйл ажиллагаа, зөвлөмж, журамтай сайтар танилцаж хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахыг хүсье.
Эх сурвалж: БСШУСЯ
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
