Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Их Петрийн гайхамшигт хотоор...

Огноо:

,

Хойд Венец, усан оргилуурын хот Хойд Пальмир, цагаан шөнийн хот... Энэ бүгд нь Санкт-Петербургийн тухай юм. Энэ хот бусад  хотуудаас ялгаатай нь олон яруу найргийн нэртэй. Энэ нь шударга юм, яагаад гэвэл  Санкт-Петербург бол Европын хамгийн үзэсгэлэнтэй  сайхан хотуудын нэг билээ. Энэ хотын олон уран барилгууд НҮБ-ын Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон юм.  



Гурван зуун жилийн түүхэндээ Санкт-Петербург хот нэлээд хэдэн нэр сольжээ. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа хотын нэрийг Петроград гэж сольжээ, дараа нь Ленинград нэртэй болсон, харин 1991 оноос хот анхныхаа Санкт-Петербург нэрээр нэрлэгдэх болсон юм. 18-19-р зууны үед оросын хаадууд энэ хотод амьдрах болсон үеэс Санкт-Петербург нь орд харшуудын хот болсон юм. Хожим нь эдгээр орд харшууд нь олон музей, концертын танхимууд болж хувирсан бөгөөд заримуудад нь улсын байгууллагууд байрладаг юм.  

Оросын соён гэгээрүүлэгч, шинэчлэгч аугаа I Петр хааны ордон бусдаасаа ялгаатай аж. Хоёр давхар даруухан байшинг харахад энэ нь оросын агуу их хааны ордон гэж хэлэхэд бэрх бөгөөд тэр үеийн жирийн нэг дундаж түшмэлийн амьдардаг байшин гэлтэй. Уг барилга Зуны цэцэрлэгийн өндөр моднуудын дунд ялгарч үл харагдана. Гэхдээ оросуудын ярьдгаар, алт бага ч, үнэ ихтэй гэдэг юм.



Ордны гадна талын гантиг чулуугаар товойлгон чимсэн гоёл чимэг өвөрмөц сайхан төдийгүй Орос-Шведийн Хойд дайны үйл явдлыг дүрслэн харуулжээ. Орох хаалган дээр олон тооны туг болон ангийн олзворуудын дунд Римийн мэргэн ухааны бурхныг дүрслэн харуулжээ. Ордны дотор талд тухайн үеийн урчуудын уран хийц бахдал төрүүлэх бөгөөд үнэт модоор доторлосон хана туурга, нарийн цэмцгэр хийцтэй тавилга, таазны засал чимэглэл болон гайхамшигтай модон шал зэрэг нь энд ирсэн хэн бүхний сэтгэлд гойд нийцэх аж. Гэхдээ Ордон хэдий сайхан ч, хүчирхэг улсын хааны ордон гэхэд нэг л сүргүй байв. Харин хожим баригдсан Өвлийн Ордон үүнийг орлож чадсан  юм.

Энэ бол Санкт-Петербургийн түүхэн төвийн Дворцовая площадь /Ордны талбай/-д орших маш том гайхамшигтай уран барилгын цогцолбор юм. Ордны гадна талын Цагаан чулуун баганууд, ханан дээрх оюу цэнхэр өнгийн сүлжмэл хээ хуар болон эртний уран баримлууд үлэмж сайхан. Оросын нэрт утга зохиол шүүмжлэгч Белинский Өвлийн Ордныг “уран барилгын яруу найргийн үлгэр” гэж нэрлэсэн нь учиртай. Ордны цар хэмжээний тухай төсөөлөл авахын тулд байшинг тойрч үзэх  хэрэгтэй. Харин ингэж явахад бүтэн нэг цаг шаардагдана.



Мянга гаруй танхим, тасалгаа нь хааны гэр бүлийн өдөр бүр зохион явуулж байсан дээдсийн бүжгийн түүхэн гэрчүүд юм. Ням гаригийн үдэш ордны бүх 1945 цонхны цаана олон зуун лааны гэрэл асна. Дашрамд хэлэхэд, хааны ордны хоёрдугаар давхарт, хүндэтгэлийн танхимууд болон хааны гэр бүлийн амралтын өрөөнүүд байсан бөгөөд нэгдүгээр давхраас илүү олон цонхтой байжээ. Цонх бүрийн нүх өөрийн өвөрмөц чимэглэлтэй, арслангийн баг болон эрэгтэй, эмэгтэй хүний цэргийн  дуулгатай толгойг дүрсэлсэн байжээ. Дээвэр дээрх сүр жавхлантай баримлууд нь намхан Питерийн тэнгэрийг баганадах мэт санагдана.



Аугаа их II Екатерина хатан хааны үед франц хэлнээс “ганцаараа үлдэх булан” гэж орчуулагдах Эрмитажийн мухрын танхимуудыг байгуулж, тэнд өрнөдийн зураачдын хааны гэр бүлийнхний хөрөг зургийн цуглуулгыг байрлуулжээ. Эрмитажид хаадууд болон тэдний ойр дотнын хүмүүс л орох эрхтэй байв. “Эдгээр эрхэм дээж бүтээлүүдийг миний хамт хулганууд л таашаана даа”гэж  II Екатерина хатан хаан  онгирдог байв. Эрмитажийн соёлын хосгүй цуглуулга нь Орос улсын бахархал юм. Дэлхийн хамгийн баян музейнүүдийн нэг болох энэ музейд нэртэй уран зургууд, уран баримлууд, үнэтэй сав суулга, гоёл чимэглэлийн  болон бусад олон үнэт зүйлс хадгалагддаг юм.  

Бид Санкт-Петебург хотоор хийх аяллаа үргэлжлүүлж байна. Дворцовая площадь талбайгаас холгүй “Утга зохиолын кафе” байдаг юм. Их зохиолч Александр Сергеевич Пушкин ийшээ олонтоо ирдэг байжээ. Энд аяга цай ууж, амтат бялуу идэх зуураа оросын агуу их зохиолчид: Белинский, Достоевский, Чернышевский нар зохиол бүтээлийнхээ шинэ санааг олж авч байжээ. “Утга зохиолын кафед” орос ардын үндэсний хоолны нэрд гарсан цэсийг санал болгоно. Энд өдөр бүр амьд сонгодог хөгжим тоглож, хүссэн хүнд хуучин пянз тоглуулагчаар  романс сонсгох боломжтой юм.



Санкт-Петербургээс 25 км зайтай их зохиолч Пушкины нэртэй жижигхэн хот байдаг юм. Ийшээ чиглэлийн такси, автобус юм уу, төмөр замаар ирж болно. Өмнө нь энд Оросын  хаадын хотын гаднах харшийн ордон байсан бөгөөд Царское село буюу хааны тосгон гэж нэрлэгджээ. 1937 онд эндхийн нэрийг сольж их найрагчийн нас барсны 100 жилийн ойд Пушкин гэж нэрлэжээ. Бодлогошронгуй зогсох найрагчийн уран баримал тус хот руу ирэх зочдыг тосон угтана. Найрагчийн бас нэгэн хөшөө Царское село дахь түүний сурч байсан сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг юм.



Царское Село хотхоны овоо нь дээр орших үлгэрийн юм шиг нэгэн сайхан цайз бол Екатеринагийн ордон юм. Гялалзан харагдах алтан хана туурга нь байнга амьдралын эрч хүчийг гэрэлтүүлнэ. Екатерины ордны Янтарная комната буюу Хуван өргөө үзэгчдийн сонирхлыг гойд их татдаг юм. 17 дугаар зуунд европын урчууд I Петр хаанд хуваар тоноглосон Хуван өргөөг  байгуулж бэлэглэсэн нь Екатерины ордны хамгийн гол үзмэр болсон юм.

Дэлхийн II Дайны үед өргөө нь ор сураггүй алга болсон бөгөөд өнөөг хүртэл олдоогүй юм. Санкт-Петербург хотын 300 жилийн ойд өргөөг эх орны сэргээн засварлагчид бүрэн сэргээсэн. Екатерины ордны бас нэгэн гайхамшиг бол Хятадын зочны цэнхэр өргөө юм. Эндхийн хана туургыг хятадын сайн чанарын  нарийн торгон дээр зурж өнгөлжээ.

Жил бүр Пушкин хотод хэдэн зуун зочид гийчид ирдэг. Тэд хоноглохоор хааны ордны зэргэлдээ орших зочид буудалд байрладаг. Цонхоор харагдах Екатерины ордон болон түүнийг тойрсон хосгүй цэцэрлэг нүд баясгана.



Санкт-Петербургийн орчимд хааны бас нэгэн гайхамшигтай сайхан ордон байдаг юм. Энэ бол Петергоф. Петергоф харшийн Ордон нь эхнээсээ энд ирсэн хүмүүсийн анхаарлыг татахын тулд баригдсан гэлтэй. Үүднээсээ тухайн үеийн бэлгэдэл болсон алтадмал уран баримлууд тосно. Таазан дахь хосгүй уран зургуудын дундаас хатан хаан Елизавета Хавар авхайн дүрд хувиран, ирсэн зочдыг шатаар дээш гарахыг урих мэт ширтэнэ. Дээр хүндэтгэлийн танхим байрлана. Энэ танхимд нэртэй худалдаачдыг хүлээж авдаг байжээ. Петергофын их танхим нь түүхийн хосгүй музей гэж тооцогддог бөгөөд эндхийн цуглуулгад 3500 гаруй үзмэр байдаг юм. Энэ бол тэр үеийн эздийн сонирхолд нийцэж байсан тавилга, уран зураг, даавууны төрөл зүйлүүд байсан юм.



Петергоф нь усан оргилуурын нийслэл гэдгээрээ алдартай. Үүднээс эхлээд ордны бүхий л нутаг дэвсгэр дээрх олон сайхан, үзэсгэлэнтэй цуврал усан оргилуурууд ирсэн хүмүүсийн  анхаарлыг гойд ихээр татна. Петергофын усан оргилуурууд тавдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын турш ажилладаг. Усан оргилууруудыг 17:00 цагт хаадаг бөгөөд амралтын өдрүүдэд нэг цаг сунгаж ажиллуулдаг.



Уламжлал ёсоор 9 дүгээр сарын дундуур Петергофын их Ордонд лазерын гэрэл болон хөгжмийг ашиглаж хувцасны загварын шоу тоглолтыг зохион явуулдаг. Зохион байгуулагчид баярт зориулсан хөтөлбөрийг байнга шинэчлэн зохиодог. Энэ жил Петергофд германы их зохиолчид - ах дүү Гриммын үлгэрээр хийсэн гэрлийн шоуг зохион явуулна. Тоглолтын дараа усан оргилуурууд дараа жилийн хавар хүртэл унтана.

Санкт-Петербургтэй танилцахдаа яаран үзэхийн огт хэрэггүй юм. Хотын түүхэн дурсгалт газруудаар явахдаа энэхүү хотын ер бусын давтагдашгүй сайхнаар сэтгэл оюунаа баясган, цааш явах гэж бүү яараарай. Ялангуяа, нар бараг жаргадаггүй 6-р сарын эхэн үеэр айлчлах цагаан шөнийн Санкт-Петербург хотоор зугаалах нь тун сайхан.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 27 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ4 цаг 51 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе4 цаг 53 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм7 цаг 4 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм7 цаг 8 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе7 цаг 12 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе7 цаг 14 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе7 цаг 18 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох