Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Амар амгалангийн оронд буй аавдаа...

Огноо:

,

Амар амгалангийн оронд аав минь та амар тайван байна уу. Аль эсвэл аль нэг хүү охиндоо алиа хөөрхөн үр нь болоод ирчихсэн байна уу. Бурхан багшийн зурсан зурагт буцаж, таныг бидэндээ ирнэ гэсэн болохоор хэн нэгэндээ шинэ хүн мэндлэхэд битүүхэндээ таныгаа юм бол уу гэж бодоцгоодог.  Ааваа бид таныгаа явснаас хойш улам өнөр өтгөн болж, өрх тусгаарлах нэгэн байхад өвөө эмээ болсон ч байгаа.

Тэр болгондоо таныгаа бид үргэлж үгүйлэн санаж, таныхаа байх ёстой орон зай, үнэт сургаалыг хүсэмжлэх юм. Үнэхээр энэ захиа  аав таньд минь хүрдэг бол таныхаа эзгүйд болсон бүхий л зүйлийг хэдэн өдөр ч хамаагүй бичих юмсан.   Ээж минь сайн, таныг санасандаа  хааяахан харуусал гуниг ганцаардал бүгдийг шингээн, санаа алдахад нь,  хөөрхий ээжийг минь ганцаардуулж юунд аавыг минь авч явав даа гэж бурханд гомдох юм.

Ээждээ үгүйлэгдэх таны орон зайг бид юугаар ч нөхөж чадахгүй.

Аав, ааваа  гэдэг үгийн  араас олон зүйлийг хэлж байсан байх, гэхдээ аавдаа хайртай гэж эрх шар охин хэлсэн билүү. Хайртай  гэж хэлээгүй ч хайртайг чинь мэднээ аав нь гэж та  хэлэх л байх. Хайртай гэдэг үгийг, хайртай  хүндээ хэлж чадаагүй алдсан хүн л, ямархан харамсалтай байдгийг ойлгодог юм байна. Одоо би аавынхаа зургийн өмнө зогсоод нулимс унаган байж хайртай шүү, таныгаа санаж байна гэж мянга дахин хэлдэг ч нэг ч удаа болов аавд минь хүрэхгүй нь харамсалтай.

Таныг минь авч явсан тэр хар өдрийг хүртэл би аавын эрх охин, таны балчир жаахан үр нь байсан. Хүний эхнэр хүүхдийн ээж болсон намайг,  “Миний муу ховдог охин айлд очоод аавындаа байдаг шиг цаг үргэлж галын өрөөгөөр нь эргэлдээд байж чадахгүй өлссөн үү” гээд л хайр, хошигнол хослуулан сахалтай хошуугаараа үнсэхдээ охиндоо хэзээ ч мартахааргүй аавын хайрын үнсэлтийг үлдээсэн.
Цаг нөхцөөж байна гэж хийдэг байсан таны минь сийлбэрүүд үр хүүхдүүд бидний хамгийн үнэтэй бэлэг болон гэрийн хойморт байрлаж байгаа. Аав таныгаа сар шинийн баяраар юу юунаас илүү үгүйлэн санах юм.

Шинийн нэгний өглөө биднийг ороход ээж аав хоёр минь тавагтай идээнийхээ хоёр талаар хаалгаар орж ирэх биднийг өндөлзөн харж, алд цэнхэр хадгаа дэлгэн угтдаг байсан. Аав таныгаа босго алхуут л нэхэн санах минь юутай хэцүү гэж бодно.  Жилээс жилд улам л таны минь төрхтэй адилхан болж байгаа ах нар маань ээжийн баруун талд суун аавыгаа орлон, санах сэтгэлийг минь засах боловч, баярын энэ өдөр ээжийнхээ гаргаж тавьсан таныхаа хөрөгний өмнө зүрхэндээ  хурах шар усаа тогтоож би үл чадна.
Үр хүүхдүүдийнхээ бахархал болсон таныхаа тухай, тантай минь нүүр тулан уулзаж амжаагүй бяцхан үрсдээ байнга дурсан ярьдаг. Хүнд хэцүү амьдралыг туулан байж, аав таны минь эхлүүлсэн амьдрал тасрахгүй үргэлжилсээр, улам өнөр өтгөн болсоор байгаа.

Багш  мэргэжил тань ч нөлөөлсөн үү, хүргэн, бэр, хүү, охин гэж ялгахгүй хайрлах тэр зан чинь хань ижлүүдийн минь хайрыг нь хүртэл татаж чадсан. Ээжийн минь тайван амгалан зан, ануухан төрх бүгд таны минь ханийгаа яаж хайрлаж байсны илрэл юм уу даа. Аав таныхаа нэгэн биеийн тал болсон ээжийгээ эрхэмлэн хайрлахаа тандаа амлаж, тандаа дуулгаж чадаагүй үзүүлж амжаагүй сайн сайхан болгоноо ээждээ барьж баярлуулна.  Булбарай  жаахан үр минь болж охиндоо буцаж ирээрэй ааваа.

Хайрт охиноос чинь амар амгалангийн орон руу хаяглав...

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 600 сайн дурын идэвхтэн сургалтанд хамрагдсан бөгөөд НҮБ-ын Сайн дурын алба (UNV), Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), мөн КОП17-ын Үндэсний хорооны Ажлын алба хамтран зохион байгуулж байна.

Сайн дурын идэвхтнүүдийг Ногоон бүс, Цэнхэр бүс, зочид буудал, зам тээврийн чиглэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой ажлууд хариуцуулж ажиллуулахаар бэлтгэжээ. Сургалтын үеэр тэдэнд ажиллах талбай, тодорхой цэг, байршлыг танилцуулахын зэрэгцээ чиглэл тус бүрийн үүрэг, хариуцлага болон хурлын үеэр шаардагдах зохион байгуулалтын мэдээллийг хүргэлээ.

Ийнхүү 600 сайн дурын идэвхтэн сургалт, зохион байгуулалтын бэлтгэлээ бүрэн хангаж, хурлын үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн боллоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн зохион байгуулалтад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж буйд Монголын тал талархал илэрхийлжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, бэлтгэл ажлын явцыг танилцуулсан юм.

Монгол Улс тус хурлын үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван гол санаачилгыг олон улсад дэвшүүлэхээр бэлтгэж буй. Монголын талаас эдгээр санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтийг Хятадын талд тавьжээ.

Уулзалтаар мөн “Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв” байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, бүтээн байгуулалт болон цаашдын үйл ажиллагааг байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглүүлэх талаар талууд санал солилцжээ.

Төв байгуулах бэлтгэл ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Цаашдын бэлтгэл ажлын талаар санал солилцож, гуравдугаар үе шатыг эхлүүлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг 2026 оны есдүгээр сард Бээжин хотод Монгол, Хятадын цөлжилтийн хяналт, шинжилгээний хамтын ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Цаашид байгаль орчны чиглэлийн хамтарсан сургалт, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хоёр улсын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Огноо:

,

Өв соёл, техник технологи, хөгжмийг хослуулсан "KHARKHORUM 360°" фестиваль эхлэхэд 10 хоног үлдлээ. Фестивалийн хүрээнд хөгжим, визуал артыг илүү тухтай орчинд мэдрэх боломжтой White Zone, Blue Zone, Green Zone VIP тасалбар худалдаанд гарчээ. VIP тасалбар захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг 8010-0969 утсаар авах боломжтой.

Дэлхийн хэмжээний фестивалиуд зөвхөн хөгжмөөр хязгаарлагдахгүй, байгаль орчноо хамгаалах, нийгмийн хариуцлагыг дэмжих чиглэлд анхаардаг жишгийг "KHARKHORUM 360°" фестиваль Монголд бий болгож байна. Мөн фестивалийг цаашид тогтмол зохион байгуулахын зэрэгцээ “Хархорин төгөл” санаачилгыг хэрэгжүүлж, урлаг, өв соёл, байгаль хамгааллыг хослуулсан төсөл болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд "KHARKHORUM 360°" фестивалийн зохион байгуулагчид Монгол Улсад энэ сарын 17-28-нд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын цаг хугацаатай уялдуулан “Хархорин” төслийг жил гаруйн өмнөөс боловсруулж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд “Нэг тасалбар, нэг мод” санаачилгыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, таны  худалдан авсан нэг тасалбар бүрд нэг мод тарих юм.

KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.

🔎 Дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival

Эх сурвалж:www.zms.mn 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох