Шударга мэдээ
1070 иргэнийг татан авах үеэр эрүүл мэндийн тандалт, хяналт хийлээ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 13-19-ний өдрүүдэд ОХУ, БНТУ, БНЭУ-аас монгол иргэдээ тусгай үүргийн нислэг болон газраар татан авах үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн асуумж бөглүүлэн хяналт тандалт хийж ажиллалаа. Асуумж, хяналт тандалтад тулгуурлан коронавируст халдварын сэжигтэй зорчигчдыг ангилан ХӨСҮТ-д шилжүүлэн, бусад зорчигчдыг ажиглах байруудад тусгаарлалтад шилжүүлэв.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор монгол иргэдийг татан авалт хийх үйл ажиллагаанд Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын таван улсын байцаагчийг нэмэлтээр ажиллуулан, нийт 393 зорчигчоос асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэг, тандалт хийсэн байна. Мөн Буянт-Ухаа боомтоор ОХУ-аас ирсэн 340, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 179, нийт 519 зорчигчдод Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас эрүүл мэндийн хяналт тавьж ХӨСҮТ-д 27 иргэнийг шилжүүлжээ.
Түүнчлэн сарын 15, 16-ны өдрүүдэд НМХГ-аас 51 ТИР авто машины 51 жолоочид /30 монгол, 21 гадаад/ халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу хяналт тавин, 50 жолоочийг буцааж, 1 монгол жолоочийг 21 хоногийн хугацаатай тусгаарласан. 51 ТИР ачааны 929,1 тн импортын хүнсний болон хүнсний бус бараанд хяналт шалгалт хийгдээд байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.Шударга мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.
Иргэний нисэхийн салбар цаашид ч аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, улс орнууд, ард түмнүүдийг холбосон стратегийн гүүр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, “МИАТ” компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрбээр салбарын болон “МИАТ” компанийн төлөөлөлтэй уулзаж, хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.



“МИАТ” ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Агаарын 10 хөлгөөр 15 орны 50 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлддэг юм.
70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2,4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд 2 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн байна.
Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн гэсэн үг юм.
“МИАТ” компани нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан.
Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг 5 компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарч байна.

Салбарын яам цаашид агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, нисэхийн дэд бүтэц, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах юм.
Энэ чиглэлээр бодлогын дэмжлэгээ урьдын адил үргэлжлүүлэн үзүүлэхийг салбарынхан Ерөнхийлөгчөөс хүслээ.

Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.
Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.
Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого” батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “МИАТ” ТӨХК-д Сүхбаатарын одон, “МИАТ” ТӨХК-ийн “Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Гавьяат нисгэгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер Бадамдоржийн Цогоод Нисэхийн гавьяат техникч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий менежер Пүрэвжавын Ганболдод Гавьяат холбоочин, “МИАТ” ТӨХК-ийн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.









Шударга мэдээ
УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүдийн хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг судалж, богино хугацаанд шийдэл танилцуулахыг Монголбанкны удирдлагуудад чиглэл болгосон байна.
Монголбанкны зүгээс банкны системийн нөхцөл байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг танилцуулжээ. Харин арилжааны банкуудад зээл олгох боломж байгаа ч ипотекийн зээлийн хүсэлт гаргасан 45 мянган иргэн хүлээлттэй байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь өрхийн орлого зарлагаа нөхөж чадахгүй байгаа явдал гэдгийг тэмдэглэв. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутаж байгаа бөгөөд иргэд энэ зөрүүг нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч буйг дурдсан байна.
Тэрбээр “Жилийн 50 хувиас давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” гэжээ.
Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулах замаар богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулсан байна.
Уулзалтын үеэр Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх асуудлыг мөн хөнджээ. УИХ-ын дарга эдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлэх, үр ашиггүй шилжүүлэх зэрэг шүүмжлэл гарч байгааг дурдаад, Нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг өгсөн байна.
Монголбанкны мэдээлснээр банкны системийн нийт актив 84.8 их наяд төгрөг, нийт зээлийн хэмжээ 44.8 их наяд төгрөг, салбарын цэвэр ашиг 306.3 тэрбум төгрөг байгаа аж. Төв банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Шударга мэдээ
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Төслийг “зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх” гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт даалгав.
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэхээр тусгажээ. Харин 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж, улмаар хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөсөн байна.
Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх юм.
Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
-
Цаг үе2023/10/20
Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварын улсын анхдугаар уралдаан зохион ба...
-
Цаг үе2021/10/25
Улаанбаатарт дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана
-
Улстөр нийгэм2025/12/02
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр с...
-
Цаг үе2020/07/25
"Дарь-Эхийн гудамж"-ны автозамыг Даваа гарагт хаана
