Цаг үе
Өмнөговь аймгийн түүхэн амжилтаас...
✅1943 он Өмнөговь аймаг Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС ОДОНГООР шагнагдсан.
✅1976-1978 он Улсын хэмжээнд 3 жил дараалан тэргүүлж, шилжин явах тугийг үүрд хадгалсан.
✅1999 он Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хамгийн өндөр рейтингтэй аймгаар шалгарсан.
✅2011 он МУ-ын Засгийн газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот”-оор шалгаруулсан.
✅2012-2013 он Говь нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл энх, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх үйлст төвийн бүсийн хэмжээнд бусад аймгаа тэргүүлэн “ТЭРГҮҮНИЙ АЙМАГ”-аар шалгарсан.
✅2013 он Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэг боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үнэлэн Монгол улсын ЗГ, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролд ээлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар”-аар шалгаруулсан.
✅2013 он Говь гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд орших “Их тахилгат хайрхан”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТӨРИЙН ТАХИЛГАТ хайрхан болгож, Төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх анхны ёслолыг амжилттай зохион байгуулсан.
✅2015 он Говь нутгийн ажилсаг ард түмний хөдөлмөр зүтгэл, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын үр дүнгээрээ МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ аймаг болсон.
✅2015-2017 он Монголдоо төдийгүй дэлхийд алдартай хоёр бөхт тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлэн тэмээн сүрэг 130 мянгад хүрч, Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан тэмээг үүлдэр болгон баталгаажуулсан.
✅2016 он Дэлхийн хоёр бөхт тэмээний генефондыг хадгалж, тэмээний ноосны түүхий эд, экспортын барааны 30 орчим хувийг нийлүүлдэг аймгийн хувьд МУ-ын түүхэнд анх удаа “МОНГОЛ ТЭМЭЭ-999” арга хэмжээг зохион байгуулан, 1108 тэмээг уралдуулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
✅2017 он Олон нийтийн санал асуулгаар ОНЫ ШИЛДЭГ АЙМАГ, ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЙМГААР 3 удаа шалгарсан.
✅2017 он 21 аймаг, нийслэлийг тэргүүлж Монгол улсын ШИЛДЭГ АЙМАГ болсон.
✅2018 он Даланзадгад сумын 90 га талбайд хийгдэж буй Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г хүртсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 оныг БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ, салбарын хувьд ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон онцолсон.
✅2018 он бүтээн байгуулалт өрнөж, хөгжил дэвшлээр 21 аймгаа тэргүүлж Монгол улсын ШИЛДЭГ АЙМАГ болсон.
✅2019 он 21 аймаг нийслэлийг тэргүүлж Монгол улсын ШИЛДЭГ АЙМАГ боллоо. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хөдөө, аж ахуй үйлдвэржилтийн жил”, салбарын хувьд “Соёлыг дэмжих жил” болгон онцолж ажилласан.
Өмнөговь нутгийн хөдөлмөрч, ажилсаг ард түмэн, төрийн төлөөлөл үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлага хамт олонд талархал дэвшүүлье.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


