Цаг үе
Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар...
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2017 оны “Шинэ оны илтгэл”-дээ, Солонгосын хойгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд анхаарал хандуулж, үндэсний язгуур эрх ашгийг чухалчлан хоёр солонгосын харилцааг сайжруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин 2017 онд “Шинэ Умардын бодлого”-ыг санаачлан БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагаан дээр тулгуурлан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах бодлогыг тунхагласан.
Хоёр Солонгосын харилцаа 2018 оны 2 дугаар сард БНСУ-д болсон Пёнчяны өвлийн олимпд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсон цагаас эхлэн сэргэж, харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхжүүлж эхэлсэн.

Тухайлбал,
- 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хоёр Солонгосын дээд хэмжээний 3 дахь удаагийн уулзалт хоёр улсын цэрэггүй бүс буюу Паммунжонд 10 жилийн дараа зохион байгуулагдсан.
- 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалтыг Паммунжонд зохион байгуулсан.
- 2018 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-д албан ёсны айлчлал хэрэгжүүлж, 5 дахь удаагийн уулзалтыг Пёньян хотод хийсэн.
- 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын нар Паммунжонд дахин уулзаж, хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн.
Ийнхүү эдгээр орнуудын харилцаа хэвийн үргэлжилж байсан ч 2019 оны 2-р сард Ханой хотноо болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараагаар хоёр талын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин 2020 оны 1 дүгээр сарын 14-нд АНУ-БНАСАУ-ын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсонтой холбогдуулан “БНАСАУ-ын зүгээс хаалга нээлтэй хэвээр байгаа” хэмээн цаашдын төлвийг өөдрөгөөр харж буйгаа илэрхийлсэн.

Он гарсаар БНАСАУ 3 удаа, 7 нэгж пуужин Солонгосын хойгийн Зүүн тэнгисийн чиглэлд харвасан бөгөөд САА-ийн их бууны анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулалт 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын пуужингийн болон САА анги нэгтгэлүүдийн дадлага сургуулилтын явцтай 5 удаа биечлэн танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгсөн.
БНСУ-ын хувьд "Ковид-19" вирусийн тархалттай холбоотойгоор 3 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг цуцлаад байна.
БНСУ-ын Хах ордноос 3 дугаар сарын 4-ний өдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын "Ковид-19" вирусийн тархалттай тэмцэж буй үйл хэрэгт БНСУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, эрүүл энхийг хүссэн агуулга бүхий захидал илгээснийг хүлээн авч, хариу талархалын захидлыг илгээсэн тухайгаа мэдэгдсэн.
Хэдийгээр хоёр Солонгосын харилцаа зогсонги байдалд байгаа ч талуудын удирдагчид харилцан захидал илгээх зэргээр харилцаагаа хадгалж, цаашид хоёр Солонгосын хооронд томоохон үл ойлголцол, мөргөлдөөн үүсэх магадлал бага, харьцангуй тайван байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Цаг үе
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд Түүхийн хичээлээр эхэлнэ. 2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна.Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.
2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Цаг үе
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл
- Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.
- А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны зургаадугаарр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаарр сарын 26-наас
2026 оны зургаадугаарр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-3 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
