Цаг үе
COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана
COP17-ын хүрээнд ажиллах Ногоон бүс өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны 10:00 цагт нээлтээ хийнэ. Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцох боломжтой нээлттэй талбар юм. Энд байгаль орчны шийдэл, шинэ санаа, инновац, сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ.
Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцоно.
Мөн Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолт толилуулах юм.
Цаг үе
Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлоготой уялдуулна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумбаг наймдугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол болон биологийн олон янз байдлын алдагдал харилцан уялдаатай болж буй өнөөгийн нөхцөлд ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлоготой уялдуулах асуудлыг хэлэлцжээ.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын хувьд ус, намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх байгальд суурилсан үр дүнтэй шийдлийн нэг болохыг онцолсон байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, хуурайшилт нэмэгдэж байгаа үед усны нөөц, намгархаг болон хүлэрт газрыг хамгаалах нь экосистемийг хадгалахаас гадна хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтойг талууд тэмдэглэжээ.
Монгол Улс COP17-ыг даргалагч орны хувьд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц болон Рамсарын конвенцын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумба Монгол Улс олон улсын ач холбогдол бүхий намгархаг газрын хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр ахиц гаргаж байгааг тэмдэглээд, цаашид ус, намгархаг газрын хамгааллыг өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Монгол Улс 1998 оны дөрөвдүгээр сарын 8-нд Рамсарын конвенцод нэгдсэн бөгөөд одоогоор нийт 1,439,530 га талбай бүхий олон улсын ач холбогдолтой 11 намгархаг газартай. Эдгээр газар нь усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахын зэрэгцээ тухайн экосистемээс хамааралтай иргэдийн амьжиргаанд чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ.
2026 оны наймдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 19-нөөс
2026 оны наймдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
-
Цаг үе2024/09/20
Нийтийн тээврийн "Зүүн 4 зам-Сансар-Вокзал", "Цагаан даваа-Гандан...
-
Урлаг спорт2020/10/23
“World Naadam Center” төслийн концепц, загвар зураг боловсруулах ура...
-
Шударга мэдээ2019/08/15
“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авла...
-
Улстөр нийгэм2023/12/15
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
