Улстөр нийгэм
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөл, инженер, техникийн ажилтнуудтай уулзлаа.
Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрд ард иргэд, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээг эрчим хүчээр хангаж байгаа ажилтан, албан хаагчид, инженер, техникийн ажилтнууд, ахмадуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Ерөнхийлөгч, XX зуун тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн зуун байсан бол XXI зуун эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч улс болох зуун байх учиртай. Үүнд эрчим хүчний салбарынхны оруулах хувь нэмэр асар их гэж үздэгээ хэллээ.
Эдийн засаг тэлж, уул уурхай, үйлдвэрлэл, хот байгуулалт эрчимтэй хөгжиж байгаа ч эрчим хүчний салбар энэ өсөлтийг бүрэн гүйцэж чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед гэхэд л хэрэглээний тодорхой хэсгийг импортоор хангадаг.
Хуучирсан тоноглол, санхүүгийн хүндрэл, хүний нөөцийн хомсдол зэрэг нь энэ салбарын хөгжилд томоохон сорилт болсоор байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэллээ.
Салбарын яам цаашид эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах нэг бодлого, гурван зарчим, есөн ажилд тулгуурласан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна.
Энэ нь эрчим хүчний шилжилтийн стратегийг тодорхойлж, эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, эрчим хүчний экспортыг цогцоор нь хийнэ гэсэн үг юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр нь тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, ногоон бодлогын чухал тулгуур гэж эрчим хүчний салбарынхан үзэж байна.
Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 5,000 гаруй мегаваттын чадал бүхий шинэ эх үүсвэр бий болгож, дамжуулах сүлжээний төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан.
Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах систем, өндөр хүчдэлийн үндэсний сүлжээ, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Зүүн хойд Азийн цэвэр эрчим хүчний тоглогч болох зорилго тавьжээ.
Энэ хүрээнд:
- Хэрэглэгч төвтэй байх,
- Эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах,
- Чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн оролцоог дэмжихийг зорьж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрчим хүчний угсралт, засварын “МЭЗ” ХХК-ийн технологийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Жулхацын Цээлээсүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Эрдэнэчулууны Түвшинчулуун нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2022/05/24
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/06/08
ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
-
Цаг үе2025/10/14
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
-
Улстөр нийгэм2023/05/24
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
