Цаг үе
Монголбанкны нэрэмжит уралдааны шилдэг залуу судлаачид тодорлоо
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Уламжлал болсон энэхүү уралдаанд өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм. Залуу судлаачид нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой дүгнэж, гарах үр дагаврыг нарийн тооцоолон, шийдвэрлэх арга замыг ч хамтад нь эрэлхийлж байгаагийн дээр бодит өгөгдөлд тулгуурласан судалгааны шинэ арга зүйг ашиглан судалгаагаа хийж байгааг шүүгчид онцлон сайшаав.

Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан тус уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэлэхдээ, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах энэхүү уралдаан бол банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд томоохон шалгуур, бас тэдний оролцохыг хүсдэг уралдаануудын нэг. Энэ уралдаанд оролцсон оюутнуудын дундаас Төв банканд ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй бий. “Залуу судлаач” уралдаан жилээс жилд улам өргөжин тэлж байгаад баяртай байна гэв. Харин Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн ‘Залуу судлаач’ шилдэг бүтээлийн уралдаан бол цөөн хүний хооронд өрсөлдөх тэмцээн бус, харин эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, залуусыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монголбанкны хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг юм хэмээн онцоллоо.

Шилдэг бүтээлүүдээс дурдвал, “Зэсийн үнийн шокийн Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б. Насанбуян нар шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Хоёрдугаар байранд “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” бүтээлээрээ МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Номиндарь, Г. Намуунцэцэг нар, гуравдугаар байранд “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ухаан ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар тус тус эхний гурван байрт шалгарсан бол Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Л.Пүрэвжав “Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрөлжилтийн боломжийн бүтээгдэхүүний түвшний шинжилгээ” бүтээлээрээ тусгай байранд шалгарлаа. Мөн энэхүү уралдаанд амжилттай оролцсон зургаан оюутан Монголбанканд дадлага хийх батламж гардан авлаа.





Цаг үе
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
2026-2027 оны хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэх орчимд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Шунхлайн шандас” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Улсын комисс ажиллуулахад бэлтгэж байна.






Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 6 хэмаар дулаарч, 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 27-ноос
2026 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
-
Улстөр нийгэм2026/03/31
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
-
Шударга мэдээ2022/11/30
Иргэдийг цасан шуурганаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна
-
Урлаг спорт2019/08/12
"Русские Витязи" багийн нислэгийн үзүүлэх тоглолт
-
Улстөр нийгэм2021/11/30
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хойрго хандаж байна гэв
