Цаг үе
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" сэдвийн хүрээнд 2026 оны Тавдугаар сарын 7-ны өдөр Үндэсний Номын сангийн салбар төвд цахим, танхим хосолмон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, БНТУ зэрэг улсаас эрдэмтэн судлаач нар оролцож, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал сэдвүүдээр хийгдсэн судалгаа, шинжилгээнүүдээ танилцуулж, илтгэл тавив.
Тодруулбал, МУБИС-ийн Боловсрол судлалын докторант П.Батчулуун “Сэтгэл гутрал оноштой үйлчлүүлэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан дүн”, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, докторант А.Баярхүү “Өсвөр насны хүүхдийн өөрийн удирдлага зохицуулалттай суралцах чадварын судалгаа”, ҮБХИС-ийн докторант, Хошууч Б.Батгэрэл “Цэргийн алба хаагчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлыг харьцуулсан судалгааны үр дүн”, БНАСУ-ын Анян их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн дэд профессор Жин Хээ Ким /Jin hee Kim/ “Хиймэл оюун ухааны эрин үеийн ажил мэргэжлийн түгшүүр: нийгмийн сэтгэл зүй ба карьер”, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Есөн-Эрдэнэ “Нийгмийн хамгааллын салбарын зарим мэргэжилтнүүдийн дам стресс болон ажлаас халшрах хам шинжийн хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн зохицуулалтын нөлөөг судалсан нь”, Турк улсын Хажэттэпэ Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөөний магистрант Д.Ариунзаяа “Эрт үеийн дасан зохицоогүй схемийн хэмжүүрийн монгол хувилбарын нутагшуулалт ба оюутнуудын схемийн тархалт” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд илтгэлүүд бүрэн эхээрээ эмхтгэл болон хэвлэгдэх юм байна.
Цаг үе
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Тус ажлыг “Монгол зам” групп, “Ганбүрд” ХХК түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд замын нийт гүйцэтгэл 91 хувьтай үргэлжилж байна. Өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээг хийж улсын баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэхүү зам нь дөрвөн байршилд нүхэн гарц, нэг гүүр, нийт уртдаа гадаргын ус зайлуулах шугамтай юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан замын гүүрэн байгууламж, тулц ханын ажилтай танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийн гол шалтгаан нь автобус байдаг. Тиймээс энэхүү замыг нийтийн тээвэрт зориулан хийж байна. Өмнө нь төвөөрөө яваад Өнөр хорооллоор дайрч, буцаад Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа руу ордог байсан. Тэгвэл энэ зам ашиглалтад орсноор Хорооллын эцсээс шууд Баянхошуу руу зорчих боломжтой юм. Зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын замын ачааллыг бууруулна. Тухайлбал, замын ачаалал 30 гаруй хувиар буурах судалгаатай. Наймдугаар сарын нэгнээс өмнө гэрлэн дохиог яаралтай тавих хэрэгтэй. Бид автомашин төвтэй бус хүн төвтэй хот байх бодлого барин ажиллаж байна. Тиймээс замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ. Түүнчлэн бид дараа дараагийн том бүтээн байгуулалтад гаднын бус үндэсний компаниудаа дэмжин ажиллана” гэлээ.





Цаг үе
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажиллалаа.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 81 хувьтай байгаа бөгөөд дулааны шугамыг өргөтгөж, хуучин суурийг буулгаж, шинээр суурь цутгаж, авто замыг шинэчилж байна. Авто замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа юм. Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон ийнхүү шинэчилж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Тус замыг өргөтгөснөөр Наадамчдын шинэ гүүртэй холбогдож, замын хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Нийслэлээс төв замын ачааллыг хуваалцах холбоос замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Долоодугаар сард багтан бүх замын газар шорооны ажлыг дуусгаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шинэ замуудын үндсэн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг, хоёрдугаар тойрог зам төслүүд болон нийтийн тээврийн олон төрөлт хэрэгслийг нэвтрүүлэх төслүүдэд хот ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ““Хөсөг трейд”-ийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэл үргэлжлэх Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх суурийн ажил дууссан. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгана. Мөн авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам сүлжээ өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгана. Явган замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган замын ажил 50 хувьтай байна” гэв.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт шинэ гол гудамж замын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус авто замын ажил 22 хувьтай үргэлжилж байна. Авто замын ажлын хүрээнд 3536.17 шоо метр талбайд ургамлын үе хуулж, 9835.35 ам метр талбайд ул хөрсийг тэгшилж, нягтруулсан. Цахилгаан дамжуулах шугамын ажил 60 хувьтай, холбооны худаг сувагчлал байгуулах ажил 90 хувьтай, явган замын суурийн ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгэж байна. Авто замын ажлыг “Дэд бүтэц консалт” ХХК гүйцэтгэж байгаа юм.



Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2026 оны зургаадугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Бага зэрэг дулаарч 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Бага зэрэг дулаарч 10-12 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 23-наас
2026 оны зургаадугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан , өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
-
Цаг үе2023/10/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулз...
-
Цаг үе2022/02/09
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Үзэл бодол2022/01/13
БНСУ-ын зарим компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйг...
-
Урлаг спорт2023/02/07
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн шагналыг сэтгүүлч Ө.Рагчаасүрэн хүртл...
