Улстөр нийгэм
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.
Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.

Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.
Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.

Улстөр нийгэм
ЗГ: Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан.
Тус Зөвлөлийг ахалж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.
Төлөвлөгөөнд,
-Төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт;
-Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх;
-Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах;
-Түлш, эрчим хүч;
-Тээвэр логистик;
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.
Улстөр нийгэм
ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ
Засгийн газрын ээлжит хуралдаан2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болов. “Дэлхийн адууны өдөр"-ийг долоодугаар сарын 11-13-нд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулалтын ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, “100+100” хөтөлбөрийг танилцууллаа
УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал БНХАУ-ын Коммунист намын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд гуравдугаар сарын 24-нд БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Бээжин дэх Монголын оюутны холбооны төлөөлөл болон тус улсад суралцаж буй оюутан залуус оролцож, төрийн бодлого, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эх орондоо эргэн ирж ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх “100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгааг танилцууллаа. Энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцаж буй оюутнуудыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад дадлагажуулах, мэдлэг чадварыг нь бодитоор ашиглах боломж бүрдүүлэх зорилготой юм.
Тэрбээр технологийн хөгжлийн хурдац, Монгол Улсын өөрчлөлтийн талаар дурдаж, оюутан залуусыг эх орныхоо хөгжлийг хөндлөнгөөс харж, ирээдүйд хувь нэмрээ оруулахад бэлтгэхийг уриаллаа.
Мөн тэрбээр “Хувь хүний болон улс орны хөгжил тасралтгүй хөдөлгөөн байдаг. 10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, орон даяар гар утас, интернэт хэрэглээ нэвтэрсэн. Энэ бол бидний хамтын хөгжил дэвшлийн үр дүн” хэмээн онцлов.
Н.Учрал оюутан залуусын боловсрол, ур чадвар Монгол Улсын ирээдүйтэй шууд холбоотойг тэмдэглээд шүүмжлэлт сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх чадвар, сахилга бат, тууштай байдлыг чухалчлан хөгжүүлэхийг зөвлөсөн юм.
Уулзалтын үеэр төрийн үйлчилгээний цахимжилтын талаар танилцуулж, И-Монголиа системд оюутнуудад зориулсан “Оюутан” цэсийг нэвтрүүлсэн, цаашид “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж, гадаадад суралцаж буй оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлага, боловсрол, төрийн үйлчилгээний мэдээллийг нэг дор төвлөрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн судалгаануудыг нээлттэй байршуулж эхэлсэн нь гадаадад суралцаж буй оюутнууд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, судалгаа хийхэд дэмжлэг болно гэдгийг онцлон дурдлаа.
Оюутнууд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөв, гадаадад суралцагчдыг эх орондоо ажиллахад дэмжих бодлогын талаар асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга экспортын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, инновацлаг үйлдвэрлэгч орон болох зорилгыг залуус дэмжин, суралцаж буй мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Мөн судалгааны мэдээллийг нээлттэй болгосныг сайшааж, тогтмол баяжуулж байх хүсэлт тавьжээ.
БНХАУ-д одоогоор 6300 орчим монгол оюутан суралцаж байгаагаас 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна. Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, шийдлийг санаачлан хэрэгжүүлж буйд талархал илэрхийлсэн байна.
-
Цаг үе2019/11/21
“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал...
-
Цаг үе2020/01/24
Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Цаг үе2024/08/07
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогсооно
-
Улстөр нийгэм2022/12/22
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
