Цаг үе
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан билээ.
Тус ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн 8 дүүргийн ЕБ-ын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Улмаар дээрх сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг холбогдох ажилтнууд хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

ЕБС-ийн өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой уг судалгааг сургуулийн нийгмийн ажилтан болон удирдлагуудтай хамтран түүврийн аргаар, цахим хэлбэрээр явуулсан бөгөөд 8 дүүргийн 22 сургуулийн 8-10-р ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагджээ. Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 71.9 хувь нь үе дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулсан байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл Багахангай дүүрэг 35.7 хувь, Хан-Уул дүүрэг 33. хувь, Баянзүрх дүүрэг 30.6 хувь, Налайх дүүрэг 25 хувь, Баянгол дүүрэг 22.9 хувь, Сүхбаатар дүүрэг 20.9 хувь, Чингэлтэй дүүрэг 17.2 хувь, Сонгинохайрхан дүүрэг 15.2 хувь эзэлж байна. Товчхондоо Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе дээрэлхэлтэд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн 2 хувь нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна.
Харин үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид хэнд хандахаа төдийлөн мэддэггүй бөгөөд 44.5% нь интернэтээс хайдаг, 19.7% нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг, 17.3% гэр бүлдээ ханддаг, 11.8% нь багшдаа ханддаг, 3.4% найз, нөхдөдөө, 2.9% нь цагдаад ханддаг гэсэн байна. Үүнээс харахад үе тэнгийн дээрэлхэлт даамжрах, нуугдмал байдлаар хүрээгээ тэлэх нөхцөл бүрддэг байна. Үе тэнгийн дээрэлхэлт бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гадгах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрүүдээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн цахим дээрэлхэлтийн хувь 35.5% байна.

Харин өсвөр насны сурагчдын хувьд бие махбодын болон сэтгэл зүйн бие даасан байдал нь чухал нөлөөтэй ба бусдын хувийн орон зайд халдах, түүнийг хэвийн гэж үзэх нь үе тэнгийн дээрэлхэлтийн илрэл юм. Харин уг хариултын хувьд суралцагчид төөрөлдсөн байр суурьтай буюу зарим тохиолдолд “тийм” гэж 40 орчим хувь нь хариулсан байна. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтын хүрээ, хэлбэрийг нарийвчлан багтаамж болон агуулгыг гүнзгийрүүлж өгөх шаардлагатай. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд өөрийн сэтгэл зүйгээ удирдах, хянах аргуудыг ашиглаж чадах байдлыг тодруулахад нийт сурагчдын 58% нь тийм, 34.4% нь тийм аргыг мэдэхгүй хэмээн хариулсан байна.
Өнөөдрийн хуралд оролцсон сургуулийн удирдлага, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын зүгээс зөвхөн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаанаас гадна эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн нөлөөллийн аяныг хэрэгжүүлэхгүй бол хүүхдийн гэр бүлийн хүмүүжил бусдыгаа үл ойшоох, зодох, элдвээр доромжилж хэлэх, ялгаварлан гадуурхах зэрэг шалтгаан болж байна гэдгийг онцоллоо. Учир нь үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал сургууль дээр гарч эцэг, эхийн хамтарсан уулзалт зохион байгуулахад дийлэнх хувь хүүхдээ өмөөрч, бусдыг хэл амаар доромжлох, заналхийлэх зэрэг үйлдэл гаргадаг байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага тооцдог байх зэрэг сургууль бүр тухайлсан саналаа нэгтгэж, хөтөлбөр боловсруулж ажиллахаар боллоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
2026-2027 оны хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэх орчимд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Шунхлайн шандас” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Улсын комисс ажиллуулахад бэлтгэж байна.






Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 6 хэмаар дулаарч, 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 27-ноос
2026 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
-
Цаг үе2022/06/10
Иргэд, олон нийтийн анхааралд!
-
Улстөр нийгэм2020/08/27
БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал Гашуун Сухайт боомтод ажи...
-
Шударга мэдээ2025/04/16
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчинг...
-
Үзэл бодол2024/03/15
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн ...
