Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асуудлыг онцгойлон хэлэлцэв

Огноо:

,

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар Жендэрийн Үндэсний Хорооны өнөөгийн нөхцөл байдал, чиг үүрэг, бусад асуудлыг сонсов. Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монгол Улсын жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл танилцууллаа. Ингэхдээ, Монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн тулгамдсан асуудалд бодлогын дэмжлэг хүсэж, жендэрийн мэдрэмжтэй гэхээсээ илүү жендэрийн хариуцлагатай оролцоог хангахыг уриаллаа.

Танилцуулга, хэлэлцүүлгээр Монгол Улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс доогуур байгаа, осол гэмтэл, архидалт, зүрх судасны өвчлөл, нийгмийн байр суурь, цалин хангамж, ажлын байрны үнэлэмж, өрх толгойлол, хүчирхийлэл, халамжийн бодлогод хамрагддаг байдал, боловсрол эзэмшилт зэргийн статистик үзүүлэлтийг танилцуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

 

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгосоор эрчүүдээ бид орхигдуулсан нь энэ нийгмийн гажуудал болох нь. Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ажлын байрны стресс, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, айл гэр дэх эцэг хүний оролцоог дэмжих бодлого хэрэгжүүлэх, өсвөр насныхны боловсрол, хүмүүжилд чиглэсэн тусгай хөтөлбөрийг өргөжүүлэх, төрийн байгууллага болон онцгой чиг үүрэгтэй ажилладаг албанд эх хүүхдэд зориулсан өрөө, булан нээх чиглэлээр хамтран ажиллая” гэх санал гаргалаа.

Хүний хөгжлийн хорооноос нийслэлийн түвшинд эрчүүдэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дэмжих хөтөлбөрийг боловсронгуй болгох, жендэрт суурилсан төсвийн асуудалд анхаарах, жендэрийн мэдрэмжтэй бус жендэрийн хариуцлагатай бодит ажлын үр дүнг тайлагнадаг, хэлэлцдэг байхад анхаарах, төр, төрийн бус байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг илэрхийллээ.

Уулзалтын үеэр жендэрийн бодлого нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, нийгмийн бүх бүлгийг хамарсан тэгш боломж, тэгш оролцоог хангах цогц бодлого гэдгийг онцлон тэмдэглэв.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Э.Одонтуяа, А.Амартүвшин, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Бямбадорж, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш бусад албаныхан оролцлоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл авлаа.

Ерөнхий сайд Н.Учрал тус хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.

Мөн хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Засгийн газрын гишүүдийг уялдаа холбоотой хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Одоогийн байдлаар хурлын бэлтгэл ажил 43 хувьтай бөгөөд төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжсэн гэж мэдээлэв.

Хурлын үеэр гадаад, дотоодын нийт 10 мянга орчим зочин оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг эхний өдрүүдэд цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулийн хичээл эхлэх хугацааг нэгээс хоёр долоо хоногоор хойшлуулах асуудлыг судалж байна.


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын багийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны явц, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо. Тэрбээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт бодит үр дүн гаргахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон түүний баг хамт олон чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Геополитикийн зөрчил, улс орнуудын мөргөлдөөн олон улсын харилцаанд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж буй энэ үед дэлхий нийтийн үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, оролцоо улам бүр чухал болж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байгааг дурдаж, ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдэд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгааг онцолж, хүний хөгжлийг бодлогын цөм болгон, цахим шилжилтийг хурдасгах, ногоон хөгжилд инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны доройтлыг сааруулж, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих ач холбогдол бүхий тогтоол баталсныг онцлов.

“Монгол Улс–НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд сайшаан үнэлж, цаашид илүү үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн байна. НҮБ-аас Монгол Улсад 2028–2032 онд хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулна гэдгийг Суурин зохицуулагч Яап ван Хиерден илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд гаргаж буй шийдвэрүүд нь НҮБ-ын бодлого, зорилттой нийцэж байгааг тэмдэглэв.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл хангахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон төрөлжсөн байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой болно

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас эхэлсэн барилга угсралт, засвар шинэчлэл, тавилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусч, одоогоор батлагдсан хуваарийн дагуу тоног төхөөрөмжийн суурилуулалт, нүүлгэлтийн ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар эм шинжлэх лаборатори жилд 2000-2500 дээжид шинжилгээ хийж, шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног байна.

Харин Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэж, шинжилгээний хүлээгдэл мэдэгдэхүйц буурах юм. Ингэснээр Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бүрэн хангах боломж бүрдэнэ.

Төслийн хүрээнд нийт 884 м.кв талбай бүхий лабораторийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулсан бөгөөд оффис, микробиологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Лабораторид дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, галыг хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт, зарлан мэдээлэх систем зэрэг орчин үеийн инженерийн шийдлүүдийг бүрэн суурилуулсан байна. Барилга угсралтын ажлыг М-Си-Эс Проперти ХХК гүйцэтгэсэн. 

Энэхүү лабораторийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил, тавилга болон багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг тус байгууллага хариуцан зохион байгуулж байна.

Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэр төрлийн 78 төрлийн багаж, тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг нийлүүлж, ажилтнууд, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар:

  • Жилд шинжилгээ хийх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
  • Шинжилгээний нэр төрөл нэмэгдэнэ
  • Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлгээг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ
  • Шинжилгээний хүлээгдлийн хугацаа богиносно
  • Шинжилгээний илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна
  • Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдана
  • Дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ

Ийнхүү Үндэсний лавлагаа лабораторийг байгуулснаар Монгол Улс эмийн чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдийг аюулгүй, чанартай эмээр хангах чухал нөхцөл бүрдэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе10 цаг 3 минут

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байн...

Цаг үе10 цаг 21 минут

ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна

Шударга мэдээ10 цаг 57 минут

Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуу...

Улстөр нийгэм11 цаг 24 минут

COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг бо...

Цаг үе11 цаг 26 минут

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэ...

Улстөр нийгэм11 цаг 28 минут

Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжи...

Цаг үе11 цаг 31 минут

ГХЯ мэдэгдэл гаргажээ

Цаг үе11 цаг 33 минут

Нийслэлд байгаа эзэнгүй нохой, муурыг түр асран хамгаалах байранд ши...

Улстөр нийгэм11 цаг 34 минут

Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой ...

Цаг үе2026/04/29

Казахстан улсад хамгийн олон авлигын хэрэг бүртгэгдсэн байгууллагууд...

Санал болгох