Цаг үе
Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны үйл ажиллагааныхаа үр дүнг дүгнэлээ
Тайлангийн хурлыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажилласнаа онцоллоо. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хувьцааны хамтын санхүүжилтийн үйлчилгээ, банкнаас гаргах хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжих, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотой үнэт цаас гаргах, мөн “нийгмийн бонд”, “тогтвортой байдлын бонд” зэрэг тогтвортой санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр байгуулах зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зохицуулалтын орчныг бүрдүүлсэн нь чухал үр дүн болсныг тэмдэглэв. 2025 оны байдлаар биржийн болон биржийн бус зах зээлээс бонд гаргах замаар компаниуд нийт 2.86 их наяд төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрч, 13.8 их наяд төгрөгт (2025.12.26-ны байдлаар) хүрсэн нь дотоодын санхүүгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна. Даатгалын салбарт ч олон тулгуурт тогтолцоог хөгжүүлэх, амьдралын даатгалыг дэмжих, ногоон даатгал, даатгагчийн баталгаа, дэвшилтэт цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, зах зээлийн оролцогчдын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох чиглэлээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Мөн даатгуулагч, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын багц хууль, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа нь салбарын тогтвортой хөгжлийг хангах чухал алхам болж байгааг онцоллоо. Түүнчлэн ирж буй 2026 онд зохицуулалтын салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тогтвортой, ногоон санхүүжилт болон санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах бие даасан хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Болормаа 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, ажлын амжилтаараа тэргүүлсэн шилдэг ажилтнуудад шагнал гардууллаа.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Шударга мэдээ2020/02/28
Японд монгол иргэдийн визийн хугацааг сунгуулах чиглэлээр ажиллаж байна
-
Цаг үе2025/07/22
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/10/08
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Гангабаатарыг томиллоо
-
Улстөр нийгэм2026/03/19
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
