Улстөр нийгэм
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж буй.
Энэ хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.
Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр 2021 оноос 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнд Хавдар судлалын үндэсний төв соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттай болжээ. Ингэснээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт илрүүлж, оношилж, эмчлэх нөхцөл бүрдсэн байна.
Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 28-ны өдөр мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Тус төв 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлсэн нь уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлжээ.
Өмнө нь манай улсад эмчлэх боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлалтай хавдрын эсрэг мэс заслыг тус төвд өнгөрсөн оноос хийж эхэлжээ. Мөн 2018 онд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж байсан бол өдгөө уг эмчилгээг тус төвийн эмч нар бие даан гардан гүйцэтгэдэг болжээ.
21 аймаг, 9 дүүргийг Хавдар судлалын үндэсний төвтэй холбосон цахим бүртгэлийн систем нэвтрүүлсэн байна. Ингэснээр өвчтөн хаана ч оношлогдсон, тухайн мэдээлэл нь Хавдар судлалын үндэсний төвд шууд бүртгэгдэж, хугацаа алдахгүй эмчилгээгээ эхлүүлэх боломжтой болжээ.


Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
