Улстөр нийгэм
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2026 оны төлөвлөгөөнд холбогдох чиглэлээр санал тусгуулахаар боллоо.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль, цаг уур, бусад хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой байдлын салбарын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтран ажиллаж буйд Шадар сайд талархал илэрхийлж, 2026 онд баруун бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тус сангаас шийдвэрлэхээр болсныг онцоллоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хүүхэд, өсвөр үеийнхэн багтдагийг онцолж, хүүхдийн гамшгийн эрсдэлийн индексийг аймгуудын түвшинд тооцож байна хэмээлээ. Үүний зэрэгцээ тусламжийн бараа, логистикийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, ОБЕГ-т усан доорх дрон болон цас, зудын үед ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх, хил дамнасан ой хээрийн түймрийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг судлах, албан хаагчдыг чадавхжуулах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дасгал сургуулилалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр судалж буйгаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
Улстөр нийгэм
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.
Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье.
