Шударга мэдээ
Нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт 94 хувийн гүйцэтгэлтэй байна
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн татварын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажиллалаа.
Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны улсын төсөвт төвлөрүүлэх орлого сар сараар биелж явсан. Гэхдээ уул уурхай туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны доголдол болон оны 11 дүгээр сарын сүүлээр УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн. Улмаар 12 дүгээр сарын эхний долоо хоногоос орлого их хэмжээгээр тасарсан.
Харин Сангийн яамнаас татвар төлөгчдийг цаг хугацаандаа татвараа төлөхийг уриалсан мэдэгдэл гаргаснаас хойш эргэлзээ, хүлээлт арилж, хэвийн төвшиндээ ороод явж байна. Нийслэл, дүүргийн татварын албууд төсөвт өдөрт 20 тэрбумыг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сангийн сайдын 02 тоот албан даалгаврын дагуу оны эцэст татварын төлөвлөгөө бүрэн биелүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа" талаараа танилцууллаа.
Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсүүд улс, нийслэл, орон нутгийн төсөвт татварын орлогын 5,5 их наяд төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар улсын төсөвт 1.7 их наядын татварын орлогын төлөвлөөтэйгөөс 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлж 94 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сангийн сайд Б.Жавхлан татварын орлогын төлөвлөгөөг заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх, татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг сайн өгч ажиллах үүргийг нийслэл, дүүргийн татварын газрын удирдлагуудад өглөө гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
