Бидэнтэй нэгдэх

Цаг үе

А.Ууганбаяр: Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.

НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аян нь сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, School police хийж буй эцэг, эхчүүдэд туслах зорилготой. Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. “Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8–14 насны хүүхэд 28.5 хувь, 14–17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох