Урлаг спорт
Дугуйтай аялагч Сомен Дебнат Монгол орноор аялж байна

2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзлаа.
Түүний аяллын зорилго нь ХДХВ/ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тэрбээр 14 насандаа "ДОХ нь хорт хавдраас илүү үхлийн аюултай" гэсэн нийтлэл уншсан нь энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал юм.
Зургаан тивийн 154 орноор аялан 168.000 км замыг унадаг дугуйгаар туулаад байгаа тэрбээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд аяллаа өндөрлөсний дараагаар эх орон руугаа буцан дэлхийгээр аялсан түүхээ ном болгон бичихээр төлөвлөсөн байна.
Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрбээр Улаанбаатар хотын талаар өөрийн аялсан туршлагаасаа нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрчээ.
НИЙЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Урлаг спорт
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.
Урлаг спорт
Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС