Цаг үе
БНХАУ-ын халдвар судлаач эрдэмтдийн “COVID-19” вирусийн тархалтын талаарх судалгааны дүн
БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар “Covid-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж.
Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.
Судлаачид 01 дүгээр сарын 22-ний өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархасан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ.
Улаан – халдвар тараагч.
Шар - Халдвар авсан хүмүүс.
Цэнхэр – халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн.
Ягаан - Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн.
Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна.
Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ.
Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд 2 сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ.
Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж.
Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна:
- Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;
- Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;
- Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;
- Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;
- Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;
- Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Улстөр нийгэм2025/12/08
“Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал б...
-
Цаг үе2023/09/28
НИТХ: Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хурал боллоо
-
Цаг үе2020/12/21
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Цаг үе2022/11/23
Төвийн зургаан дүүрэг дэх автомашины зогсоолын судалгааг гаргажээ
