Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монголд 42 жилийн дараа V ДЦС-ыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

Огноо:

,

Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа өнөөдөр Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч "Митайм Интернэйшнл" компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон "Митайм Интернэйшнл" компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин үзэглэв.

Ёслолын үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1990 оноос ярьж эхэлсэн. Олон хүчин зүйлээс шалтгаалж өнөөг хүртэл баригдаагүй байна. Миний бие 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Ажилд томилогдох үед нийслэлд тулгамдсан гол асуудлуудын нэг нь эрчим хүч байсан. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй уялдан дунджаар 14 хувиар нэмэгдэж буй. Иймд, нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 200 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлт хийхэд, 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Авто замын засвар шинэчлэлтийн бондыг ирэх оны хоёрдугаарт сард нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр төлж дуусгахаар байна. Мөн Олон улсын санхүүгийн корпориациас нийслэлийн эрчим хүчний салбарт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг богино хугацаанд барьсан нь бахдам амжилт болсон. Ийнхүү бид хүнд цаг үед Монгол Улсын эрчим хүчний салбарын ачааллыг хуваалцаж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 1800 МВт хүрдэг. Хот суурин газрын хөгжилд эрчим хүч, ус хангамж, дулаан хангамж тулганы гурван чулуу нь болдог.  Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг эрчим хүч, дулаанаар хангана. 1961 онд ДЦС-2 баригдсанаар 5 шар, Махкомбинат орчмыг эрчим хүч, дулаанаар хангасан. Тус станцын үнсэн санг ашиглан ДЦС-5-ыг барихыг дэмжсэн НИТХ, Эрчим хүчний яамны хамт олонд талархал илэрхийлж, хөрөнгө оруулагч "Митайм Интернэйшнл" группийнханд мөн талархал илэрхийлье. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьснаар цаашдын олон томоохон төслийг уг жишгээр барих үндэс суурь болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарсан. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон билээ.

ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.

Дулааны тавдугаар цахилгаан станцын ач холбогдол:

  • Нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 40 мянган өрхийг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангана.
  • Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэнэ.
  • Орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ.
  • Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах байгальд ээлтэй шийдэлтэй.
  • Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагааг нэмэгдүүлнэ.
  • Эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох