Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

Огноо:

,

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. 

Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, оронд нь шинээр төлөөлөгчдийг нөхөн сонгож батламжлав. Дараа нь Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлэв. Улмаар Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсэн юм.

Хуралдааныг удирдсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжиллаа. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэв. 

Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа” гэж тодотгов.

Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэлдээ “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ.

Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан.

Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн тайлбарлав. 

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдааны төгсгөлд XXXI Их хурлыг энэ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг 100 хувийн саналаар баталлаа гэж Монгол Ардын намаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Огноо:

,

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.

Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна.

Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг  нийт 40 ширхэг тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Мөн машин механизмыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр хүлээн авсан тусгай зориулалтын техник хэрэгслүүдэд хайс, хашлага угаах төхөөрөмжтэй угаагч машин, авто помп болон бохир усны шугам угаалгын машин зэрэг шинэ техник хэрэгсэл нийлүүлсэн юм. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглана. Үлдэгдэл 31 ширхэг техник, хэрэгслийг тавдугаар сард багтаан нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар төлөвлөсөн.

Тодруулбал, хоёр эгнээ бүхий 695 метр авто зам барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг барихаас гадна борооны ус зайлуулах шугамын ажлыг хийнэ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар 312-р сургууль, цэцэрлэг рүү зорчиж буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутагтай, төр, захиргаа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм.

Сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл, хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ.

Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл барьж, дүүргийн хөрөнгөөр Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.

2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, таван хороонд 800 хүүхдийн ортой цэцэрлэг, жилийн турш үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөснийг Засаг дарга М.Алтангэрэл хэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг барьж байна.

Энэ эмнэлэг дүүргийн 140 гаруй мянган иргэнээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, төвөөс алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ   үзүүлнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.

Дүүрэг иргэдийнхээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэд, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл, зөв хүн хандлагатай болж төлөвшихөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтад оруулна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 41 нь Сүхбаатар дүүргийнх юм.

Тэд 11 улсын их, дээд сургуульд мэдээллийн технологи, инженер, барилга архитектур, байгалийн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.

Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүнрэвийн Бямбажав, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” ТББ-ын сургагч багш Адъяагийн Нарангэрэлд Гавьяат багш, цагдаагийн хурандаа Дугаржавын Майсүрэнд Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан Тогтохын Шархүүд Үйлчилгээний гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, доктор, профессор Дүнгэрдоржийн Зоригт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/05/01

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдө...

Улстөр нийгэм2026/05/01

Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авл...

Шударга мэдээ2026/05/01

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ

Улстөр нийгэм2026/05/01

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байр...

Улстөр нийгэм2026/05/01

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон...

Улстөр нийгэм2026/05/01

Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй...

Цаг үе2026/04/30

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байн...

Цаг үе2026/04/30

ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна

Шударга мэдээ2026/04/30

Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуу...

Улстөр нийгэм2026/04/30

COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг бо...

Санал болгох