Цаг үе
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана
Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэгээр түлшийг борлуулж байгаа. Харин аравдугаар сарын 1-нээс импортоор авч байгаа хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлнэ. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2025-2026 оны галлагааны улиралд түлшний нөөц хүрэлцээтэй байхаас гадна агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ.
Тиймээс цаашид Монгол Улс хагас коксон түлшний үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт “Богино хугацаанд буюу 2024-2030 онд хагас коксон болон хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, хагас кокс-эрчим хүчний үйлдвэр барих” талаар тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хагас коксын үйлдвэр” байгуулах асуудлыг нийслэл Улаанбаатар хотыг бие даан хэрэгжүүлэх тухай үүрэг даалгаврыг эцэслэн өгсөн.
Нийслэлийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Хагас коксон түлшний үйлдвэр барих тендерийг аравдугаар сард зарлана. Өнөөдрийн байдлаар нүүрс-хими цогцолбор буюу хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл 100 хувь, нэгжийн ТЭЗҮ 100 хувь, технологийн судалгаа 100 хувь, хөгжлийн төлөвлөгөө 90 хувьтай хэрэгжиж байна.
Хагас коксон түлшний үйлдвэр барьснаар нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхий эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ.
Ташрамд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслийн дотоод шаталтын хөдөлгүүр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй, үлдсэн 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй гэж судалгаануудаар тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотод Баянхошуу, 7 буудал орчимд агаарын бохирдол хамгийн их хуримтлагддаг байна.
Цаг үе
Казахстан улсад хамгийн олон авлигын хэрэг бүртгэгдсэн байгууллагуудыг зарлав
Казахстан Улсад авлигын хэргүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүүлж байна.
Авлигын хэрэгт 5100 гаруй хүнийг 2020-2025 онд яллагдагчаар татсан бөгөөд ойролцоогоор 3200 нь төрийн албан хаагчид байжээ хэмээн “The Caspian Post” мэдээлсэн байна.
Орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд “авлигын үзүүлэлтээр тэргүүлэгч” буюу сөрөг утгаар “анти-лидер” болсон бөгөөд зургаан жилийн хугацаанд бүс нутгийн захиргаа болон түүний харьяа байгууллагуудаас 1000 гаруй албан тушаалтан яллагдагчаар татагдсан байна. Үүнд 44 аймгийн Засаг дарга (regional governors) багтжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь төсвийн хуваарилалт, газар олголт, нөөцийн удирдлага зэрэг эрх мэдэл орон нутгийн түвшинд төвлөрсөнтэй холбоотой.
Хууль сахиулах байгууллагууд хоёрдугаарт бичигдэж, 912 албан хаагч яллагдагчаар татагдсан байна. Үүний дараа Сангийн яам 180 хэрэг, Батлан хамгаалах яам 146 хэрэг, Хорих ял эдлүүлэх байгууллага 133 хэрэг, Хөдөө аж ахуйн яам 104 хэрэгтэйгээр удаалжээ.
Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд ч энэ үзэгдлээс ангид байгаагүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооны авлигатай тэмцэх албаны 5 ажилтан яллагдагчаар татагдсан байна.
Харин дараах байгууллагуудад авлигын хэрэг бүртгэгдээгүй байна. Үүнд:
- Үндэсний банк
- Стратегийн төлөвлөлт, шинэчлэлийн агентлаг
- Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх агентлаг
- Соёл, мэдээллийн яам
- Улсын аюулгүй байдлын алба
Шинжээчид авлигын хэргүүд буурах хандлагатай байгааг мөн онцолжээ.
Тухайлбал, 2025 онд авлигын хэрэг 23 хувиар буурсан, 2026 оны эхний саруудад ойролцоогоор 10 хувиар буурсан нь хяналт шалгалтын бодлого, институтийн шинэчлэлд тодорхой өөрчлөлт гарсантай холбоотой байж болзошгүйг илтгэж байна.
Эх сурвалж: https://caspianpost.com
Цаг үе
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын 60 удаагийн захирамжаар 208 нэгж талбарын 34.5 га талбайд нөхөх олговор олгосон. 79 нэгж талбарын 6.4 га талбайд нөхөх олговор олгохоор хянаж байна.
Харин 514 нэгж талбарт хөрөнгийн үнэлгээ хийгээд байна.
2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн.
Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөлсөн юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Цаг үе
ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ
Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгаа юм байна.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин дүйцүүлэх шалгалтын хүсэлт авах хугацаа зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.
ЭЕШ-ыг 2028 оны долоодугаар сар хүртэл хуучин журмаар явна. Үүнээс хойш өөрчлөлт оруулахаар шат дараатайгаар бэлтгэл ханган ажиллаж байгаагаа мэдээллийн үеэр дурдав. Тодруулбал суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалт зэргийг оруулж авдаг тогтолцоо руу шилжихээр бэлтгэж байна.
2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт
2026.06.25-ны пүрэв
- 10:00-11:20 Түүх
- 14:00-15:20 Англи хэл
2026.06.26-ны баасан
- 10:00-11:40 Хими
- 13:00-14:20 Газар зүй
- 16:30-17:50 Нийгэм судлал
2026.06.27-ны бямба
- 10:00-11:20 Биологи
- 14:00-15:40 Математик
2026.06.28-ны ням
- 10:00-11:40 Физик
- 13:00-14:20 Орос хэл
- 16:00-17:20 Монгол хэл хуваарийн дагуу явагдана.
-
Цаг үе2026/01/27
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж б...
-
Цаг үе2021/08/11
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Цаг үе2023/03/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/05/25
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуу...
