Цаг үе
Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах Ерөнхий газрын дарга ГИХГ-т зочиллоо
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын урилгаар Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга, хошууч генерал Сандор Гомбос тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Айлчлалын хүрээнд Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга Сандор Гомбос тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.22) Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцан, уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх арга хэмжээ, албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр санал солилцов.
Энэ үеэр ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр хэлэхдээ, Гадаадын иргэн, харьяатын газар Европын орнуудаас Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газартай үр өгөөжтэй, идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн байгууллагын 10 гаруй албан хаагч Унгар Улсад богино хугацааны сургалтад хамрагдаж, тус улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний салбарт хэрэгжүүлж буй бодлого, туршлагаас суралцсан нь албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тодотгосон юм. Цаашид тус сургалтын хөтөлбөрийг илүү нарийвчилж, практик дээр танилцах сургалтаас гадна Европын Холбооны гишүүн орнуудын цагаачлалын болон визийн бодлогыг онолын болоод судалгааны түвшинд судлах, баримт бичгийн хуурмаглалыг таних, судлах хөтөлбөрийг тусгах саналаа тэмдэглэв. Мөн энэхүү үр өгөөжтэй хамтын ажиллагаанд тулгуурлан Европын Холбооны бусад гишүүн орнууд, ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх, түншлэл тогтоох хүсэлтээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого, шийдвэрийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар үйл ажиллагаандаа инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн 2024 оноос виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан. Үүнийг дагаад сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар үйлчилгээ авсан иргэдийн тоо 14 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга Сандор Гомбосын хувьд хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох сургалтын хөтөлбөрийг нарийвчилж, гүнзгийрүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болсныг онцлов гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Шударга мэдээ2023/01/19
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд өмнөх оны гүйцэтгэлээс 36.4 хувиар өсөв
-
Цаг үе2023/06/15
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
-
Шударга мэдээ2025/10/07
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна
-
Цаг үе2026/02/26
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000...
