Улстөр нийгэм
Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.
Ташрамд, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат уул болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж буй.
Улстөр нийгэм
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас мэдээ, мэдээллийг тухай бүрт сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тодруулбал өчигдөр буюу есдүгээр сарын 08-нд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, өнөөдөр /2025.09.09/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийнхан газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагын алба хаагчид хорио, дэглэмийг сахиулан ажиллаж байна.
Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгалыг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулахыг хурлын үеэр чиглэл болголоо.
Улстөр нийгэм
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
-Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал-
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон.
Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээллээ.
Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авдаг болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгджээ. Оны эхний есөн сарын байдлаар 33771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19,7 хувь өсжээ. Үүний 35,3 хувийг залилах төрлийн гэмт хэрэг, 16 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15,3 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 93 хувийг цахим залилан эзэлж байна. Иймээс залилуулсан байж болзошгүй гомдлын мөрөөр сэжигтэй гүйлгээний 4.8 тэрбум төгрөгийг дансанд нь царцаажээ. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч, хохирогч болохоос сэргийлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох хүмүүст анхаарууллаа. Төрийн тусгай алба хаагчдад 36 сарын тэтгэмж олгохыг зогсоосон гэсэн үндэслэлгүй, худал мэдээллийг таслан зогсоож, үнэн зөв мэдээлэл өгөхийг чиглэл болголоо.
Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна
Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 оны долоодугаар сард гарсан. Албан даалгаврын биелэлтийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар танилцлаа. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд нийт есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэллээ. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, энэ оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Тус компани “Атрын-4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.
Улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.
Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ.
Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тонн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.
Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерэгээр нөлөөлжээ.
Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.
-
Үзэл бодол2019/08/01
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хамтран тунхаглал гаргалаа
-
Цаг үе2019/06/11
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
-
Шударга мэдээ2022/07/26
Оюуны өмчийн чиглэлээрх хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав
-
Урлаг спорт2023/12/22
Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аваргууд шалгарлаа