Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.
2025 оны есдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 13-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Цаг үе
ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-д хийлээ. 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан.
2 хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаагаас эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байна.
Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна. Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байна.
Цаг үе
Мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 1-5-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,023 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,305 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 880 хэрэг шинээр нээж, 211 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 76, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 75, Өмчлөх эрхийн эсрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Авлигын гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 хэрэг байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б нь төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргаж албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хямд үнээр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 223.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, түүнд хахууль өгсөн Э.Г-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П нь Б.Х-тэй үгсэн хуйвалдаж нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, Г.Г-тэй үгсэн хуйвалдаж иргэдийн гадаад пасспортыг өөрийн биеэр ирж захиалга өгөөгүй байхад шинээр гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Д.Т, З.Б нар нь “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай гэрээ байгуулж 2018-2020 оныг хүртэл хугацаанд нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, улмаар 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан болон мөнгөний эх үүсвэрийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож өөртөө 2 тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нэр бүхий компани нь үргэлжилсэн үйлдлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтад багтсан фосфорын хүчил гэх химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд,
- НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Б.М нар нь НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн М.Ж нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Цаг үе
ЦЕГ: 11 этгээдийг баривчилж, дөрвөн төрлийн бодис хураан авчээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны есдүгээр сарын 4-нээс 5-ний шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж,бусдад худалдан борлуулдаг хоёр бүлгийн 11 этгээдийг баривчлан дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 ширхэг гар утас, зургаан тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримтаар тус тус хураан авч , мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэжигтэй этгээдүүд 30-аас дээш насныхан байх бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Мөн тэдний хоёр нь эмэгтэй хүн байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд холбогдох нь нэмэгдэж байна. Та бүхэн гэр бүл ойр дотнынхондоо тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2019/06/23
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
-
Цаг үе2023/12/20
Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно
-
Цаг үе2022/12/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2022/12/30
УИХ: Ажлын хэсгийн хуралдаан болно