Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 8-13 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 02-ноос 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-2 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Цаг үе
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.
Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ.
Цаг үе
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой.
Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
Цаг үе
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байна
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн, чанаргүй "хиймэл" дуунуудыг өөрсдийн сангаасаа устгах шинэ алгоритмыг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн сая, сая дуу стриминг орлогын тодорхой хувийг "хулгайлж" байсан бол одоо энэ мөнгө жинхэнэ хөгжимчид, хөгжмийн зохиолчдод очих боломж бүрдэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд өдөр бүр стриминг платформуудад 100,000 гаруй шинэ дуу нэмэгдэж байсны 20-30 хувь нь ямар нэг байдлаар AI-ийн оролцоотой байжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
Цаг үе2022/08/05
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэ...
-
Цаг үе2023/05/12
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна
-
Улстөр нийгэм2024/05/07
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангу...
-
Цаг үе2023/09/05
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно
