Цаг үе
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна
Сэлбэ хот нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлэнэ.
Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.
Энэ хүрээнд өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцов.
Тодруулбал, “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл солилцох зорилготой танилцуулах уулзалтыг зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад барилгын салбар, банк санхүү, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай үг хэлсэн бол үргэлжлүүлэн “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийг танилцууллаа.

“Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Өнгөрсөн долоо хоногт бид банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилга орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоод, тэдгээрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ удаа барилгын салбарынхантай уулзаж байна. Барилгын салбар бол 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байдгаараа онцлог. Тиймээс хувийн хэвшилтэйгээ уг төсөлд хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд 20 минут хот концепцыг бий болгохоор ажиллаж байна. Ингэхдээ бизнесийн зарчмыг баримталж, харилцан ашигтай, шуурхай ажиллана. Хамтран ажиллах бүсэд хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.
Энэ үеэр хөрөнгө оруулагчид газар чөлөөлөлтийн явц, ногоон байгууламжийг хэрхэн шийдсэн, үерийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.
“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байх юм. Нийт 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 93 хувьтай үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчдын асуултад “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар дараах хариултыг өгөв. “Усны асуудалд нухацтай хандаж байгаа. Гүний болон гадаргын гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн. 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв батлагдсан. Далан, ус зайлуулах шугамын ажлыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.

Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2024/09/20
Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлого 30-40 хувь...
-
Улстөр нийгэм2025/03/24
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2024/08/27
Монгол Улсын Ерөнхийлөгчид Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
-
Цаг үе2025/06/24
Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан
