Цаг үе
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тус холбооны зүгээс манай улсад хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Энэ тоо өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд байна. Мөн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашлаад агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргахаар төлөвлөж байна. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.

Харин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал юун түрүүнд хийн халаагуурт шилжихтэй холбоотойгоор иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liguid Gas Association/ нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 125 гаруй улсад хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, хөгжиж буй улс орнуудад уламжлалт эрчим хүчнээс байгальд ээлтэй шингэрүүлсэн хийн түлш рүү шилжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг аж. Тэд 2012 оноос эхлэн Cooking for life хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрөөр дамжуулан өнөөдрийн байдлаар 11 улсын нийт 900 сая орчим хүнийг ахуйн хэрэглээнд нүүрс түлдэг байсныг хийн түлш рүү шилжүүлсэн байна.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


