Улстөр нийгэм
Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нар оролцлоо.
Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болж өнгөрлөө.
Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.
Тухайлбал,
- Талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо;
- Амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох;
- 2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх;
- Цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг;
- Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц арга хэмжээ авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн зүгээс зэвсэгт мөргөлдөөний асуудал аюулгүй байдалд заналхийлж, олон улсын эрх зүйн зарчим алдагдаж байгаа өнөө үед парламентын хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.
Түүнчлэн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс нь ОУПХ, дэлхийн парламентуудтай хамтран амар амгалан ирээдүйг бүтээж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийллээ.
Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нар түнш орнуудын парламентын дарга нар, ОУПХ-ын удирдлагын түвшинд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.
Бүс нутгийн улсуудын парламентын дарга нартай уулзаж, санал солилцсон нь дээрх бага хурлын уриалгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг парламентын түвшинд өргөжүүлэх боломжийг бий болгож байна хэмээн үзлээ.
Монгол Улс бүс нутгийн идэвхтэй тоглогчийн байр сууриа хадгалж, эдгээр улс оронтой хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ярилцав.
Түүнчлэн, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал санамж бичгийн үйлчлэлийг 2028 он хүртэл сунгаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үндэс бүрдэж байна.
Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
