Шударга мэдээ
АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.
Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал /2026.10.22/ боллоо.
Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна.
Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 хувь болж буурчээ. Энэ оны есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг гарсан байна.
Цахим гэмт хэргийн улмаас 2025 онд иргэдэд 26.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөг битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Хуурамч хаяг, сэжигтэй холбоос, хуурамч сугалаа, бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг цахим залилангийн арга улам нарийн, зохион байгуулалттай болсон.
Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг олгоход чиглэсэн www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна. Энэ цахим хуудсыг ашиглан цахим залилангийн түгээмэл аргыг таних, сэжигтэй холбоос болон имэйлийг шалгах боломжтой бөгөөд залиланд өртсөн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг тус системд багтаасан.
Цахим залилантай тэмцэх тогтолцоогоо сайжруулж, цогцоор нь шинэчлэхийг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох яамд болон байгууллагуудад үүрэг болголоо. Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол банк, арилжааны банкууд зэрэг холбогдох бүх байгууллага уялдаагаа сайжруулж хурдтай ажиллахын тулд нэг цэгт төвлөрөн ажилладаг олон улсын сайн туршлага нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Шударга мэдээ
“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.

Ерөнхий сайд,
“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.
Шударга мэдээ
Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.
-
Шударга мэдээ2020/01/27
БНХАУ-ын Ухань хотод байгаа Монгол иргэдийг ойрын хугацаанд татаж авна
-
Урлаг спорт2024/11/28
Европыг бүхэлд нь байлдан дагуулсан Монгол төгөлдөр хуурч
-
Шударга мэдээ2021/07/08
Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
-
Улстөр нийгэм2021/03/29
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.03.29/
