Улстөр нийгэм
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, А.Ундраа, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосяан, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ким Сонвуг болон албаны бусад хүмүүс байлцав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын талаарх бодлогын зөвлөмжтэй танилцахдаа таатай байх болно гэлээ.
ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу тус сангаас ажлын хэсэг гарган гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллуулсаар ирсэн болохыг ноён Тахсин Саади дурдаад, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм.
Тус ажлын хэсэг долоон сарын өмнө Монгол Улсад ажиллахаар төлөвлөсөн ч энэ хооронд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг тодотгоод, ажлын хэсэг ойрын хугацаанд товч тайлангаа Монгол Улсын Засгийн газар, Сангийн яаманд танилцуулна гэлээ. Харин үндсэн тайлангаа ирэх намар бэлэн болгох товтой гэдгээ дуулгав.
Уулзалтаар талууд Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал болон ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт, зөвлөмжийн талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Шударга мэдээ2023/04/10
Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ
-
Цаг үе2024/09/30
Галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Үзэл бодол2024/12/12
Г.Довчиндорж: Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордо...
-
Улстөр нийгэм2019/06/05
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
